Green Dot Climate NGO Нийтлэлүүд

Экспертийн өнцөг 3-р ярилцлагын тэмдэглэл: Доктор Ц.Хонгор

Энэхүү нийтлэлийг Хүлэмжийн дараа: уур амьсгалын өөрчлөлтийн подкастын 1-р улирал төслийн хүрээнд бэлтгэв.

Мэдэгдэл

Хүлэмжийн дараа подкастын 1-р улирлыг Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд бүтээв. Үүнд тусгагдсан агуулга нь зөвхөн зочин экспертийн хариуцлага бөгөөд Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, GIZ, Ногоон цэг уур амьсгал НҮТББ-ын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Зочин эксперт

АСЕАН-ы орнуудын нийгмийн ойн үйл ажиллагаагаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслийн Нийгмийн ой болон Хэмжилт, Тайлагнал, Баталгаажуулалтын олон улсын мэргэжилтэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Байгууллагын Ази номхон далайн бүсийн төв, Доктор Ц.Хонгор

Хөтлөгчид

  • Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, математикч, хиймэл оюун, их өгөгдлийн инженер Б.Гэрэлтуяа
  • Эрчим хүч ба хүрээлэн буй орчны менежмент (MEng), Хүрээлэн буй орчны инженер (BSc) А.Сайнсанаа

Подкастын холбогдох анги, сэдэв

3-р анги, Газар ашиглалт, ойн салбарын хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалт

Аудио хувилбар

Судалгаа

[Гэрэлтуяа] Өөрийгөө товч танилцуулна уу. Та ямар ажил эрхэлдэг вэ? Таны ажил уур амьсгалын өөрчлөлттэй яаж холбогддог вэ? Таны зорилго юу вэ?

[Др. Хонгор] Сайн байцгаана уу? Энэ подкастад урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Цогтын Хонгор гэдэг, би ойн мэргэжилтэн. Одоогоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад ажилладаг. Энд хэрэгжүүлж байгаа Зүүн өмнөд Азийн орнуудын ойн нөхөрлөлийн үйл ажиллагаанууд дээр суурилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэсэн ийм нэртэй төсөл дээр Нийгмийн ойн болон хэмжилт тайлагнал баталгаажуулалтын олон улсын мэргэжилтэн гэсэн ажил хийж байгаа.

Энэ ажил маань уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ойн нөхөрлөлийн үйл ажиллагаа, ойн менежментийн үйл ажиллагаа хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ гэдгийг баримт дээр тулгуурлаж гаргаж ирэх ийм зорилготой төсөл. Тэгэхээр энэ ажил бол уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой гэж хэлж болно.

Миний өөрийн хувийн болон ажилтай холбоотой зорилго бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ойн салбараас ялгарч байгаа хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийг хэрхэн илүү зөв, үнэнд ойрхон байдлаар тодорхойлох вэ, хэмжих вэ, тайлагнах вэ гэдэг дээр илүү анхаарал хандуулж ажиллаж байгаа. Чанарыг нь сайжруулах тал дээр чиглэж ажиллаж байгаа гэсэн үг.

Асуудал

[Гэрэлтуяа] Таны ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдаж буй асуудал юу вэ?

[Др. Хонгор] Миний одоо хийж байгаа ажилтай холбоотой болон ойн салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ямар асуудлууд тулгарч байна вэ гэхээр — хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт гэж байгаа шүү дээ; энэ хэмжилтэд ямар мэдээлэл ашиглах вэ, яаж баталгаажуулах вэ, яаж тайлагнах вэ гэдэг дээр байгаа асуудал.

Ой маань өөрөө диаметр, өндөр гэсэн хэмжигдэхүүнтэй, үүнийг бид нар хэмжиж байгаад нөөцийг нь тогтоогоод, нэг га-д хэр хэмжээний мод байдаг, өндөр нь ямар байдаг, өргөн нь ямар байдаг, нийт хэр хэмжээний мод байгааг тооцоолоод, тэгээд үүнийгээ биомасс руу шилжүүлээд, тэрийгээ карбон, нүүрстөрөгч рүү шилжүүлээд, тэгээд үүнийг шатаах юм бол нүүрсхүчлийн хийд хувиргаж хөрвүүлэхэд хэр хэмжээний хүлэмжийн хий болж уурших вэ гэдгийг л тооцож гаргадаг шүү дээ. Тэгэхээр яг энэ бүхэнд хамааралтай ямар хэмжилтийг ашиглах вэ, бид нарт тэр хэмжилт нь байгаа юу, загвар нь байгаа юу, энийг яаж тооцох вэ — мөн тухайн ой болон газар нутгаас шалтгаалаад энэ хэмжээнүүд маань янз бүр байгаа шүү дээ — тэгэхээр энд холбоотой мэдээллүүдийг яаж сайжруулах вэ, ил тод байдал, мэдээллийн үнэн зөв байдал дээр л гол асуудал маань байна гэж үзэж байгаа.

Энэ мэдээллийг сайн, ил тод болон үнэн зөв тодорхойлоход улс орон болгон өөрсдийнхөө хүчин чармайлтыг тавьж байгаа. Гэхдээ хөгжиж буй орнуудад бол энэ мэдээлэл харьцангуй хязгаарлагдмал. Хэрвээ байдаг бол нэг удаагийн болон урт хугацааны ийм мэдээллүүд байхгүй. Нэг удаагийн хэмжилт, тэгээд дараагийнх нь хэмжилтүүд байхгүй байх жишээний ийм асуудлууд байдаг. Тэгэхээр одоо Монголын нөхцөл дээр жишээ аваад үзвэл, олон зорилтот ойн тооллого гэж байгаа шүү дээ. Энэ маань нэг л удаа хийгдсэн. Мэдээж өөр зорилготой, ойн менежментийн зорилготой тооллогын мэдээллүүд байж байдаг. Тэгэхээр ийм олон янзын ондоо мэдээллүүдийг хооронд нь нэгтгэж ашиглаад иймэрхүү тулгамдаж байгаа асуудлуудыг бас тодорхой богино хугацаанд шийдвэрлээд яваад байх боломж байгаа.

Шийдэл

[Гэрэлтуяа] Эдгээр асуудлуудын хамгийн оновчтой шийдэл юу вэ?

[Др. Хонгор] Зөвхөн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт, тэгээд мэдээллээс гадна бас ондоо асуудлууд байгаа, системийн чанартай. Ойн өөрчлөлт, үйл ажиллагаанууд нь хөдөө орон нутагтаа, ойн талбай дээр явагдаж байгаа. Үүнтэй тулж ажиллаж байгаа мэргэжилтнүүд бол ойн ангийн мэргэжилтнүүд байж байдаг. Тэр хүмүүс хаана ойжуулалт хийгдэж байна, хаана мод огтлолт явагдаж байна тэрийг мэдэж байдаг. Тодорхой хэмжээнд өөрсдөө тэрийг бүртгээд, орон нутагтаа тайлагнаад, хянаад явж байдаг. Гэхдээ энэ мэдээлэл улсын түвшинд нэгтгэгдэхдээ яг хаана вэ, хэр хэмжээгээр явж байгаа вэ гэдэг нь тухайн үеийнх нь хэрэгцээнд тохирсон тайлангийн хэлбэрээр яваад байгаа. Ийм боловч энэ мэдээллүүд нь бид нарын хэрэгцээнд шаардлагатай газар нутгийн баримжаатай, тоон мэдээллүүд биш, яг шууд ашиглахад тохиромжгүй байдлаар тайлагнагдаад байгаа юм.

Тэгэхээр орон нутгийн ойн газар, дээрээс нь судалгаа шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн загвар хийхэд ашиглагдаж байгаа өгөгдлийг хооронд нь уялдуулсан байдлаар ойн мониторинг гэж ойн өөрчлөлтийг хянаж тооцож байдаг системийг илүү байгууллага хоорондын уялдаатай хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг. Энэ уялдаа маань сайжраад ирэх юм бол бид бүхэн хэмжилтийн болон тайлагналынхаа үр дүн, чанарыг сайжруулах боломжтой. Энийг яаж хийх вэ гэхээр судалгааны өгүүлэл, хэвлэгдсэн мэдээ материал, одоо байгаа ойн тооллогын мэдээлэл болон бүх л ойтой холбоотой мэдээллүүдээ цуглуулаад, дүн шинжилгээ хийгээд, бид нар ямар түвшинд байгаа вэ гэдгийг тодорхойлоод, хамгийн эхний ээлжид аль аль мэдээллийн системийг, мэдээллийн чанарыг, мэргэжилтнүүдийн тооцоолол хийх чадавхыг сайжруулах, аль аль асуудлууд нь илүү чухал юм бэ гэдгээ тооцоод үүн дээрээ суурилаад тодорхой төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаануудаа шат дараатайгаар авч хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл гэж бодож байгаа.

Мэдээж санхүүжилтийн асуудал бол хөгжиж байгаа орнуудад их тулгамдаж байдаг. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмжилт тайлагналын үйл ажиллагааг хийхэд шууд өнөөдөр үр ашиг нь бид нарт мэдэгдэхгүй ч ирээдүйд ойн зөв зохистой менежмент хийгээд явахад хэр хэмжээний хүлэмжийн хий шингээгдэх вэ гэдгийг тооцож судлахад бид бүхэнд хэрэгтэй. Тэгэхээр нүүрстөрөгчийн худалдаа, сайн дурын зах зээл гээд иймэрхүү үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэхэд бид бүхэн тэр суурь нөхцөлөө тавьчихсан байх хэрэгцээ шаардлага байгаа.

Үүнтэй холбоотойгоор мод, ой тарьж ургуулахад яаж өсөж хөгждөг вэ, байгаа ойгоо түймрээс хамгаалахад, арчилгааны ажил хийхэд тэр ой маань яаж өсөж хөгждөг вэ гэсэн энэ загваруудыг боловсруулах, үүнтэй холбоотой судалгаа шинжилгээний ажлуудыг хийх хэрэгтэй. Тэгээд энэ ажлуудыг хийхдээ хамааралтай мэргэжилтнүүдийг сургалтаар чадавхыг нь сайжруулах, дээрээс нь байгууллагын бүтэц дэх албан тушаалтны мэргэжилтний үүрэг даалгаварт хэн нь яг энэ ажлыг хариуцаж хийх ёстой вэ гэдгийг оруулаад, энэ бүхнийг илүү тодорхой болгоод, системийн хүрээнд ч гэсэн мөн техникийн хүрээнд ч гэсэн бэлэн байдлыг сайжруулах хэрэгтэй. Ингэх юм бол ирээдүйд дараагийн шат руугаа ахиж орох, сайн дурын зах зээлд ойн салбараас оруулж байгаа хувь нэмрийг үнэлүүлэхэд илүү чухал ач холбогдолтой байх болно гэж бодож байна.

[Гэрэлтуяа] Бид нарын асуугаагүй эсвэл таны нэмж хэлмээр байгаа зүйл байна уу?

[Др. Хонгор] Монголын ой маань Төв Азийн хуурай цөл, хээр болон Сибирийн ойн өмнөд зах дээр оршдог болохоор маш эмзэг экосистем. Тэгээд үүнтэй холбоотойгоор ойн өсөлт, ургалт маань удаан, гэхдээ ач холбогдлын хувьд зөвхөн хүлэмжийн хий гэлтгүйгээр биологийн олон янз байдлыг дэмжих, уур амьсгалыг зөөлрүүлэх, хөрсний элэгдлийг сааруулах, усан хангамжийг сайжруулах гээд бусад олон ач холбогдолтой байдаг. Тэгэхээр карбон, нүүрстөрөгчийн хийн шингээлт болон уур амьсгалын ач холбогдол бол бараг дагалт гэж хэлж болно.

Бид бүхэн ганцхан уур амьсгал гэхгүйгээр ерөнхий байдлаар ойн менежментээ илүү зүй зохистой, илүү тогтвортой байдлаар хэрэгжүүлэх юм бол маш олон чиглэлээр ач холбогдлыг хүртэж авах боломжтой. Дээрээс нь орон нутгийн амьжиргааг сайжруулах ач холбогдолтой. Бид бүхэн түлээний модны хэрэгцээгээ ойн сан бүхий газруудаас байнга л бэлдэж байдаг шүү дээ. Энэ бүгдтэй холбоотой учраас ой маань өөрөө маш чухал ач холбогдолтой байгаа юм. Тэгэхээр зөвхөн хүлэмжийн хийтэй холбоотойгоор бид нар яг одоо ухаараад л ойгоо анхаарч хандах биш, маш баялаг, ач холбогдолтой, үнэ цэнтэй экосистем учраас бид зөвхөн уур амьсгал гэхгүйгээр анхаарал хандуулж хөрөнгө оруулалт хийгээд зөв зохистойгоор ашиглах, үүнтэй холбоотой судалгаа шинжилгээний ажил, тайлагнал, дүн шинжилгээгээ цаашдаа хийгээд явах хэрэгцээ шаардлага байгаа.

Өөр нэг нэмэлт санал хэлэхэд ой хамгаалал, ойн тогтвортой менежмент дээр бид бүхэн хамгаалалт талыг нь илүү анхаараад байдаг. Үүнтэй холбоотойгоор ч гэсэн Тэрбум мод, ойжуулалт зэрэг асуудлуудаа илүү хөндөж байдаг. Ойн тогтвортой менежмент гэхээр ашиглалтын тал гэж бас байх ёстой. Ялангуяа ойжуулалтад бол маш их хөрөнгө санхүүжилт хэрэгтэй болдог. Энэ хаанаас гарч ирэх вэ? Энэ буцаад ойн салбараасаа л гарч ирж байх эргэлттэй байх ёстой юм. Тэгэхээр ойн ашиглалтын салбараа бас дэмжээд өгөх юм бол тэндээс орж ирж байгаа төлбөрийн механизмаараа дамжуулаад ойжуулалтынхаа хөрөнгө зардлыг шийдээд явах боломж бид бүхэнд уг нь байгаа. Гэхдээ энэ илүү орон нутгийн хэмжээний байгалийн нөөц ашиглалтын төлбөртэй холбоотой шийдэж гаргах шийдлүүд учраас өргөн дэлгэр хүрээнд хэлэлцүүлэг, ярилцлага хийж байж, үүнийг яаж зохион байгуулах вэ гэдгийг шийдэх хэрэгцээ шаардлага байгаа.

[Гэрэлтуяа] Өөрийн үнэтэй мэдлэг, туршлагыг бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа.

Видео хувилбар

© 2020-2025 Ногоон цэг уур амьсгал НҮТББ (Green Dot Climate NGO)