Green Dot Climate NGO Нийтлэлүүд

Экспертийн өнцөг 4-р ярилцлагын тэмдэглэл: Доктор Д.Бурмаа

Энэхүү нийтлэлийг Хүлэмжийн дараа: уур амьсгалын өөрчлөлтийн подкастын 1-р улирал төслийн хүрээнд бэлтгэв.

Мэдэгдэл

Хүлэмжийн дараа подкастын 1-р улирлыг Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд бүтээв. Үүнд тусгагдсан агуулга нь зөвхөн зочин экспертийн хариуцлага бөгөөд Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, GIZ, Ногоон цэг уур амьсгал НҮТББ-ын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Зочин эксперт

Монголын бэлчээр судлалын Ногоон-Алт төвийн гүйцэтгэх захирал, Хөдөө аж ахуйн ухааны доктор Д.Бурмаа

Хөтлөгч

Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, математикч, хиймэл оюун, их өгөгдлийн инженер Б.Гэрэлтуяа

Подкастын холбогдох анги, сэдэв

2-р анги, Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт, түүний уур амьсгалын өөрчлөлт дэх нөлөө

Аудио хувилбар

Судалгаа

[Гэрэлтуяа] Өөрийгөө товч танилцуулна уу. Та ямар ажил эрхэлдэг вэ? Таны ажил уур амьсгалын өөрчлөлттэй яаж холбогддог вэ? Таны зорилго юу вэ?

[Др. Бурмаа] Өглөөний мэнд, намайг Д.Бурмаа гэдэг. Монголын бэлчээр судлалын Ногоон-Алт төвийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Хажуугаар нь Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Би бэлчээрийн сэргэн ургалтын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

Манай байгууллагын гол зорилго бол ерөөсөө л бэлчээрийг, бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйг хамгаалах, сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах. Бэлчээр сэргээнэ гэхээр маш олон үйл ажиллагааг зэрэг хийх ёстой болдог.

Хамгийн нэгдүгээрт бид малчидтай маш ойрхон ажилладаг. Малчидтай ойрхон ажиллана гэдэг нь маш олон сургалтуудыг өгнө, хоёрдугаарт хамтарч бэлчээр менежментийн төлөвлөлт, бэлчээр сайжруулах үйл ажиллагаануудыг хийнэ. Гуравдугаарт нь өртгийн сүлжээг сайжруулах ажлууд хийнэ. Яаж малын гаралтай бүтээгдэхүүнийг үнэд оруулах вэ гэдэг ажил хийнэ.

Ингээд өртгийн сүлжээ рүү ороод ирэхээр хувийн компаниудтай бас ажилладаг. Ямар хувийн компанитай ажиллавал манай малчдын бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр авах вэ гээд өртгийн сүлжээнд бүх талаар нь орж ажилладаг ийм байгууллага байгаа.

Асуудал

[Гэрэлтуяа] Таны ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдаж буй асуудал юу вэ?

[Др. Бурмаа] Манай хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу тохиолдож байна вэ гэхээр нэгдүгээрт дулаарал явагдаж байна. Монгол орны температур нэг, хоёр орчим градусаар дулаараад байна гэдэг тоо баримтууд байна. Үүнийг дагаад манай хур тунадасны өөрчлөлт — бороо тэгж дээр үе шиг сайхан налайж орохоо больсон, маш хүчтэй ордог болсон гээд өөрчлөлтүүд — байна л даа.

Уур амьсгалын өөрчлөлтөөс гадна малын тоо толгой сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа шүү дээ. Малын тоо толгой өсөөд ирэнгүүт энэ хоёр фактор хоёулаа зэрэг нөлөөлөөд эхэлж байгаа, бэлчээрт. Бид нарын хамгийн өөрчилж чадах боломжтой нь малын тоо толгой байгаа шүү дээ.

Бэлчээрийн даац жишээлбэл хэд дахин хэтэрсэн, төвийн аймгуудаар ялангуяа хамгийн хэтрэлттэй байна. Бэлчээрийн 65 орчим хувь нь ямар нэгэн байдлаар доройтчихсон байгаа. Гэтэл энэ доройтсон бэлчээрийн 90 орчим орчим хувь нь өөрөө буцаад сэргэх боломжтой.

Зүүн аймгуудад сүүлийн хоёр жилийн айхтар зуд боллоо шүү дээ. Зүүн аймгийн бэлчээр дараа нь ямар айхтар сайхан сэргэж байна. Би сая хэдхэн хоногийн өмнө Архангай аймгийн Эрдэнэмандал суманд очоод ирсэн. Эрдэнэмандал сум хониороо тэргүүлдэг сум шүү дээ, Архангай аймгийн. Гэтэл Эрдэнэмандал суманд бас айхтар зуд болсон байна. Тэрний дараа бэлчээр бол үнэхээр сайхан сэргэж эхэлж байна.

Тэгэхээр бид нар малын тоо толгойг тодорхой түвшинд танаж эсвэл малыг чанаржуулаад, тэрийг яг бизнес гэдэг утгаар нь хараад ирэх юм бол Монгол орны бэлчээрийг сэргээх боломжтой байна. Дээр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжтой байна гэж харж байна.

Шийдэл

[Гэрэлтуяа] Эдгээр асуудлуудын хамгийн оновчтой шийдэл юу вэ?

[Др. Бурмаа] Мал бол хувийн өмч шүү дээ, тэгэхээр малчдад тоо толгойг нь бууруул гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Мэдээж бид нарт бодлого хэрэгтэй, өнгөрсөн жил Малчин өрхийн анхдагч холбооны хууль батлагдсан. Энэ хуулиас бид нэлээн хүлээлттэй байгаа. Энэ хуулийг батлангуут хамгийн түрүүнд манай байгууллага манлайлаад 11 анхдагч холбоог байгуулчхаад байна. Тэр нь юу вэ гэхээр, нэг нутаг усныхан, нэг бэлчээр ашигладаг хүмүүс тэр холбоог байгуулаад, бэлчээр ашиглах гэрээ байгуулж эхэлж байна. Бэлчээр ашиглуулах гэрээ байгуулчихаар малчид бэлчээрийг ариг гамтай ашиглах, гаднын малчдаас хамгаалах, нутаг усаараа нэгдэж нийлээд уламжлалт эрхээ баталгаажуулах гээд маш олон давуу талууд байгаа.

Дээр нь бид бэлчээрийн мал аж ахуйг ярихдаа өртгийн сүлжээгүйгээр, эдийн засгийн хөшүүрэггүйгээр ярих ямар ч боломжгүй. Тийм учраас бид малын үүлдэр угсааг сайжруулах ёстой, сайжруулна гээд гаднаас эрлийз мал оруулж ирэх бас тийм таатай биш байна. Сүүлийн жилүүдэд манай адуу маш их эрлийзжилээ шүү дээ, энд тэндхийн адуу авч ирээд эрлийзжүүллээ. Тэгэхэд зудад эсвэл жоохон хүйтрээд ирэхээр маш их хэмжээний тэжээл идэж байна, эрлийз адуунууд хамгийн түрүүнд нэрвэгдэж байна. Өнгөрсөн жил манай төсөл хэрэгжиж байгаа сумдуудаар гэхэд Өвөрхангайн Уянга, Бат-Өлзийгөөр хамгийн түрүүнд ямар адуу зудад нэрвэгдэж байна гэхээр эрлийз адуунууд байгаа. Манай өөрийн үүлдэр угсаа бол энэ орон нутгийнхаа цаг агаарт зохицсон ийм үүлдэр угсаа байдаг. Махны ашиг шимийг нэмэгдүүлэх, ноолуур бол ноолуурын ашгийг нэмэгдүүлэх дээр ажилладаг маш олон эрдэмтэд байна шүү дээ, тэр эрдэмтэдтэй хамтраад өөрийн үүлдрийг сайжруулах нэгдүгээрт шаардлагатай.

Хоёрдугаарт, бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг хүмүүстэй холбож өгөх хэрэгтэй. Ер нь эцсийн дүндээ бол эдийн засгийн хөшүүрэг байхгүйгээр малын тоо толгойг бууруулах ямар ч боломжгүй байдаг юм байна. Манайхаас сүүлийн жилүүдэд хэд хэдэн брэнд рүү ноолуураа өндөр үнээр борлуулж эхэлж байна. Ялангуяа манайхаас хамгийн өндөр үнэтэй авдаг нь Hermes шүү дээ. Баянхонгорын Ээлтэй Баялаг хоршоо маань байна. AVSF гээд Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид гээд байгууллага байдаг, энэ байгууллага үнэхээр niche market-уудад чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг баталгаажуулж гаргаж байгаа. Хариуцлагатай нүүдэлчин, бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт байдаг, тэр стандартыг манайх малчдад нэвтрүүлээд тухайн стандартыг хангасан малчдаас бүтээгдэхүүнүүдийг нь бусад компани руу өндөр үнээр борлуулах ажлыг хийгээд явж байна.

Мөн манайд кластерын компаниуд үүсчихсэн байдаг. Тэр кластерын компаниудаар дамжуулаад бүтээгдэхүүнүүдээ өндөр үнээр авах боломж бүрдсэн. Нөгөө талаасаа манай компаниудад гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах хэрэгцээ, шаардлага байдаг. Бид цаашаа бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулахад нь хамтран ажиллаад, эргээд компаниуд манай малчдаас өндөр үнээр авах, энэ хамгийн том хөшүүрэг байна. Энэ л гарц гаргалгаа гэж харж байгаа. Бид өртгийн сүлжээнд орж байгаа бүх оролцогч талуудыг органик эсвэл баталгаажсан руу оруулж байж бүтээгдэхүүн өндөр үнэтэй болно.

Ер нь мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй их хүнд ажил шүү дээ. Нэг литр айраг бүтэхэд ямар их цаг хугацаа, ямар их хөдөлмөр ордог вэ? Гүү саах, үнээ саах гэж тийм амар ажил биш байхгүй юу. Малыг зунжингаа хариулна, зунжингаа тавлаг байдлыг нь хангана, ингэхээр бид малынхаа бүтээгдэхүүнийг л өндөр үнээр авахгүй бол маш хэцүү. Манай ааруул үнэд ороод байна, цагаан идээ үнэд ороод байна, мах үнэд ороод байна гээд маш их шуугьдаг шүү дээ. Үнэд орохоос өөр арга байхгүй. Яагаад гэхээр бусад бүх юм үнэтэй шүү дээ. Нэг килограмм чихэр хэдтэй байгаа билээ. Тэгтэл нэг килограмм ааруул өнөөдөр хэдтэй байна. Бид малчдын гар дээрээс хүнсээ авахдаа сэтгэл ханамжтай авах ёстой.

Бид Швейцарын OLMA trade fair-т оролцсон, цаашаа хэд хэдэн хотоор ямар боломж байна гээд хүмүүстэй уулзаад явсан. Тэгээд бид Германы Мюнхенд очлоо, тэнд ийм хөдөө аж ахуйн зах байна. Манайхаар бол малчдад зориулсан зах байна л даа. Тэр захад хотоос нь татваргүйгээр талбай гаргаад өгчихдөг юм байна. Тэгээд тэр зах дээр малчид бүх л юмаа зарж байна — зэрлэг ургамлууд байна, мөөг байна, мах байна гээд малчны гараас гарч байгаа бүх юм байгаа байхгүй юу тэнд. Зарагдаж байгаа юмнууд дэлгүүрт, сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бүтээгдэхүүнээс хамаагүй өндөр үнэтэй. Малчны гаргасан ямааны бяслаг гэж байна, тэр бяслаг жирийн дэлгүүрүүдэд дөрвөн евро байхад тэнд найман еврогоор зарагдаж байна. Хүмүүс нь би заавал тэндээс авах ёстой гэдэг сэтгэхүйтэй байдаг юм байна. Би энэ улсад, энэ хотод л амьдарч байгаа бол хотынхоо хөдөө аж ахуйг дэмжих ёстой. Дээр нь хөдөө аж ахуйгаас маш органик бүтээгдэхүүн гарч байгаа учраас авах ёстой гэдэг сэтгэхүйтэй хүмүүс тэр захаараа илүү үйлчлүүлдэг юм байна. Тэр шиг хотод байгаа хүмүүс маань малчид руугаа дайрах биш, илүү малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг авах нь миний үүрэг гээд өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна.

[Гэрэлтуяа] Бид нарын асуугаагүй эсвэл таны нэмж хэлмээр байгаа зүйл байна уу?

[Др. Бурмаа] Асуултад хариулахдаа ихэнхийг нь ярьчих шиг боллоо. Бид бэлчээрийн мал аж ахуйг ярьж байгаа, хүлэмжийн хийг ярьж байгаа. Хүлэмжийн хий дээр манай байгууллага нэлээн судалгаанууд хийсэн, сүүлийн хоёр жилд. Яагаад гэхээр бүхий л байгууллага карбон гээд яриад байсан. Бид нар илүү судалгаа шинжилгээ хийдэг, дээр нь судалгаа шинжилгээнээс гарсан үр дүнгээ нэвтрүүлэхээр ажилладаг байгууллага учраас Америкийн Торнадогийн хүрээлэнтэй хамтраад хөрсний карбон болон бэлчээрээс ялгарч байгаа хүлэмжийн хийг тодорхойлох судалгааг хийсэн.

Хоёр нэлээн сүүлийн үеийн багажтай болсон, үүгээрээ хэмжээд эхний өгүүллээ гаргах гээд ажиллаж байна. Энэ оны сүүлээр бид гаргачих болов уу. Энэ бид нарт нэлээн итгэл найдвар өгч байгаа. Бэлчээр соргог байхдаа хэдий хэмжээний хүлэмжийн хийг шингээдэг юм байна, доройтоод ирэхээр хэдий хэмжээг нь алддаг юм байна гэдгийг тодорхойлоод явж байгаа. Энэ юунд тулгуурлаж байна вэ гэхээр бид нар сүүлийн хориод жилд хийсэн судалгааны үр дүнд бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загвар гээд гаргасан, тэр загвар дээрээ тулгуурлаад гаргаж байгаа. Тэгэхээр энэ нэлээн том баримтлах зүйл болчих болов уу гэсэн итгэл найдвартай ажиллаж байна.

[Гэрэлтуяа] Өөрийн үнэтэй мэдлэг, туршлагыг бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа.

Видео хувилбар

© 2020-2025 Ногоон цэг уур амьсгал НҮТББ (Green Dot Climate NGO)