Green Dot Climate NGO Нийтлэлүүд

Экспертийн өнцөг 2-р ярилцлагын тэмдэглэл: Доктор Т.Энхдөл

Энэхүү нийтлэлийг Хүлэмжийн дараа: уур амьсгалын өөрчлөлтийн подкастын 1-р улирал төслийн хүрээнд бэлтгэв.

Мэдэгдэл

Хүлэмжийн дараа подкастын 1-р улирлыг Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд бүтээв. Үүнд тусгагдсан агуулга нь зөвхөн зочин экспертийн хариуцлага бөгөөд Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, GIZ, Ногоон цэг уур амьсгал НҮТББ-ын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Зочин эксперт

МУИС-ийн Инженер, технологийн сургууль, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн Дэд профессор, Доктор Т.Энхдөл

Хөтлөгч

Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, математикч, хиймэл оюун, их өгөгдлийн инженер Б.Гэрэлтуяа

Подкастын холбогдох анги, сэдэв

2-р анги, Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт, түүний уур амьсгалын өөрчлөлт дэх нөлөө

Аудио хувилбар

Судалгаа

[Гэрэлтуяа] Өөрийгөө товч танилцуулна уу. Та ямар ажил эрхэлдэг вэ? Таны ажил уур амьсгалын өөрчлөлттэй яаж холбогддог вэ? Таны зорилго юу вэ?

[Др. Энхдөл] Намайг Т.Энхдөл гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн Инженер технологийн сургуульд Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимд дэд профессорын албан тушаал хашдаг, хүрээлэн буй орчны химич инженер мэргэжилтэй. Сүүлийн 20 гаруй жил ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент, бохир ус, хүрээлэн буй орчны бохирдлыг үүсгээд байгаа нөхцөлүүдийг цэвэрлэж, бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна.

Миний ажил уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой гэж хэлж болно. Нэгдүгээрт, одоо хийж байгаа судалгааны ажлууд; хоёрдугаарт, дараа үед амьдрах иргэдийг бэлтгэж байгаа учраас насанд хүрсэн хүмүүст уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийг бууруулахын тулд, мөн орчны бохирдлыг бууруулахын тулд бид нарын зүгээс юу хийх ёстой юм бэ, ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг арга технологийг дамжуулах юм.

Би бүгдийг нь заахгүй ч гэсэн дэлхий нийтэд танигдсан сайн шилдэг туршлага, түүний цаана байгаа онолын үндсийг тайлбарлаж, заах сургах ажил бол миний зорилго. Шинжлэх ухаанд суурилсан, бодит, хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ, технологийг боловсруулах юм уу, инженерийн шийдлээ боловсруулж хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах бол миний өөрийн хувь хүн болоод, багш хүний, судлаач хүний зорилго юм.

Асуудал

[Гэрэлтуяа] Таны ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдаж буй асуудал юу вэ?

[Др. Энхдөл] Өнөөдөр бид эрчим хүчний бус буюу хог хаягдлын салбараас уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа нөлөөлөл, хүлэмжийн хийн талаар ярилцаж байгаа. Манай улсын хувьд нэгдүгээрт хог хаягдлын менежмент гэдэг зүйл ер нь байхгүй гэж хэлж болно. Хүлэмжийн хийн ялгаралд хог хаягдлын салбар 1.6-2% хүртэл нөлөөлж байгаа гэсэн тооцоо байгаа. Энэ бага боловч менежментийг сайжруулах юм бол үүнийг бүр багасгах боломжтой гэж үзэж байна. Тэгээд хог хаягдал гэхээр бид нар дийлэнхдээ хатуу хог хаягдлыг л яриад байдаг. Гэхдээ энэ хог хаягдлын салбараас хүлэмжийн хий ялгаралд зөвхөн хатуу хог хаягдал биш, хаягдал бохир ус, бид нарынхаар лаг, дээрээс нь нүхэн жорлонгуудын асуудал ч гэсэн нөлөөлж байдаг. Тэгэхээр энэ салбарт хатуу хог хаягдал, шингэн хог хаягдлаа яаж боловсруулж байгаа дээр анхаарч төвлөрөх хэрэгтэй.

Одоогоор яг хатуу хог хаягдлын менежмент бол байхгүй байгаа. Тэгээд менежмент гээд харах юм бол үүсэхээс авхуулаад булшлах хүртэл, цаашлаад бүр эцсээ хүрэх тэр бүх процессыг менежментэд хамруулж үзэж байгаа. Гэтэл манай улсын хувьд менежмент гэхээр түр хадгалах байршил буюу бункер; тэрийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл; тэгээд хогийн цэг дээр аваачаад булшлах гэсэн ийм гурван хүчин зүйлээр л авч үзээд байдаг дийлэнхдээ. Сүүлийн 10-аад жил бол хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлийн үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Гэхдээ энэ бол хамгийн түрүүнд хуванцар хог хаягдал руу тодорхой хэмжээгээр хөгжсөн гэж болно. Яагаад гэвэл физик боловсруулалтад оруулдаг учраас амархан болчихдог. Гэтэл цаас эсвэл шил гээд аваад үзвэл бас тэгж чадахгүй байна.

Дээрээс нь органик хог хаягдал буюу хүнсний хог хаягдал буюу ресторан, цайны газарт бид нарын идэж ууж байгаа зүйлээс үлдэж хаягдаж байгаа эсвэл дэлгүүрийн лангуун дээр байгаа зүйлийн хугацаа дуусахаар хаягдаж байгаа тэр бүх зүйл бүгдээрээ л органик хог хаягдал болж байгаа. Тэгээд тэрийг боловсруулах арга технологийг бид нар одоо нэвтрүүлж, ашиглаж хараахан чадахгүй байна. Энэ маань л хүлэмжийн хий ялгарахад нөлөөлж байгаа зүйл. Тэгэхээр үүнийг бид нар боловсруулах үйлдвэр буюу хог хаягдлыг сайжруулах, хог хаягдлыг дахин боловсруулах, эргэлтэд оруулах үйлдвэрүүдийг дэмжсэнээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж чадна.

Бохир усны хувьд бохир усаа цэвэрлээд бид нар тодорхой хэмжээний стандарт хангаад байгальд нийлүүлж чадаад байдаг. Гэвч тэр бохир усыг цэвэрлэх явцад гарч байгаа лагийг боловсруулах дээрээ анхаарахгүй зөвхөн ил задгай хатаагаад түүнээс метан хий болон агаартай харилцан үйлчлэхээр тодорхой хэмжээгээр нүүрсхүчлийн хий ялгарч байгаа. Эндээс хүлэмжийн хийн ялгаралд нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ ялгарч байгаа лагийг яаж боловсруулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байгаа.

Хоёрдугаарт, технологийг нэвтрүүлэхдээ зөв сонгох хэрэгтэй. Одоо бол бүгдийг нь булшлаад л байгаа. Тэгээд шинэ технологи нэвтрүүлэх үед, жишээ нь — хог хаягдлаа шатааж эрчим хүч гаргаж авах үйлдвэрийн талаар сүүлийн үед нэлээн их яригдлаа л даа — яг хогийг шатаагаад ирэхээр мөн л ялгаагүй хүлэмжийн хий ялгарна шүү дээ. Шатаж л байгаа бол тэнд нүүрсхүчлийн хий ялгарч л байна. Тэгэхээр хүлэмжийн хийд нөлөөлж л байна гэсэн үг. Тэгвэл хогийг шатаагаад гаргаж авч байгаа эрчим хүч нь нүүрсийг шатаагаад эсвэл бусад одоо эрчим хүчний салбарын түүхий эд болж байгаа зүйлийг шатаахад ялгарч байгаа эрчим хүчтэй харьцуулаад, хэдийн хэмжээний нүүрсийг энэ хогоор орлуулчхаад байгаа гэдэгтэй харьцуулж байж энэ маань үр ашигтай эсвэл үр ашиггүй гэдгийг тодорхойлох хэрэгтэй болдог. Ийм учраас технологио зөв сонгох, харьцуулж байгаа зүйлээ зөв гаргаж ирэхгүй бол болохгүй ийм байдлууд анзаарагдаад байгаа.

Гуравдугаарт, ил задгай хог хаягдлаа хаяхгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Манай улс бол нэлээн том газар нутагтай хүн ам шигүү биш тархмал байдлаар оршдог. Тэгээд байгалийн цогцолборт газрууд их, аялал зугаалгаар явах, жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Хэн ч, ялангуяа хог тээврийн компаниуд, машин очихооргүй газрууд руу хүмүүс аялдаг. Тэгсэн хэр нь хариуцлагатай жуулчин байж чадахгүй байгаа нь өөрөө ил хог хаягдлын асуудал үүсгэж байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор хувь хүмүүс маань өөрсдөө аль болох бага хог хаягдал үүсгэхийн төлөө хичээх; хоёрдугаарт, миний худалдаж авсан зүйл маань эргээд байгальд шингэх эсвэл ямар нэгэн байдлаар технологийн эргэлтэд орох буюу дахин боловсруулалтад орж чадах эсвэл огт дахин боловсруулалт оруулахгүй бол энийг манай улс, миний оршин байгаа газар зөв боловсруулж чадаж байгаа юу гэдэг дээр дүгнэлт өгөөд худалдан авалтаа зөв хийх дадалд суралцах хэрэгтэй.

Ингээд бүхэлд нь харахаар яах аргагүй хог хаягдлын менежмент гэдэг зүйлийг зөв хөгжүүлэх хэрэгтэй. Одоо бол яг үнэндээ зөвхөн тээвэр дээрээ л илүү анхаараад байгаа. Булшилж байгаа хог хаягдлын хэмжээ их байх тусмаа тээврийн компаниудад өгч байгаа татаас, төрөөс үзүүлж байгаа дэмжлэг нь тэр хэрээрээ их байна. Тэгэхээр мэдээж тээврийн компани их л хэмжээний хог хаягдал ачаад авч ирвэл илүү сайн юм шиг ийм тогтолцоо бүрдээд байгаа юм болов уу.

Тэрний оронд дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ерөөсөө булшлахгүй гэдэг ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй; хуульдаа эсвэл журамдаа яг тодорхой хуванцрыг бол булшлахгүй гэж заах хэрэгтэй. Европын Холбоо бол 2030 он гэхэд бүх хуванцар эсвэл бүх дахин боловсруулах бүтээгдэхүүнээ боловсруулна гээд заасан. Тэгээд ландфиллд эдгээрийг булшлахгүй гээд зааснаас болоод дахин боловсруулалт 30%-аар нэмэгдсэн гэсэн. Тэгэхээр бид нар зөв бодлого баримтлахгүй бол болохгүй байна.

Шийдэл

[Гэрэлтуяа] Эдгээр асуудлуудын хамгийн оновчтой шийдэл юу вэ?

[Др. Энхдөл] Нэгдүгээрт, менежментийн тогтолцоогоо маш оновчтой болгох хэрэгтэй. Хог хаягдлаа ангилан ялгах, ангилан ялгасан зүйлсийг зөв тээвэрлэх, хольж биш. Өндөр хөгжилтэй орнуудад нэг дэх өдөр хуванцраа, хоёр дахь өдөр нь өөр төрлөө ч юм уу хаях гээд ийм аргууд байна. Тэгвэл тэд нараас аль нь манайд тохиромжтой эсвэл нийтээр нь ачиж байгаа тохиолдолд бас ямар зохицуулалт Монголын нөхцөлд хийх ёстойгоор тогтолцоогоо илүү зөв болгох хэрэгтэй.

Дахин боловсруулах үйлдвэрүүдтэй яах аргагүй болох хэрэгтэй байгаа. Эхний ээлжид органик хог хаягдлаар бордоо хийх эсвэл био эрчим хүч гаргах үйлдвэрүүдийг бий болгох. Энэ нь заавал том хэмжээгээр биш, жижиг хороог, нэг дүүрэг эсвэл нэг сумыг тодорхой дулаанаар хангана гэх мэт. Заавал эрчим хүч үйлдвэрлэхдээ биш. Одоо гаргасан био хог хаягдлаа дулаан байдлаар ч гэсэн ашиглавал тэр хэрээрээ л нөгөө нүүрс шатаахаа болино шүү дээ, гэх мэтчилэн арай хялбар байдлаар дахин боловсруулах шийдлүүдийг оруулж ирэх хэрэгтэй байх.

Мэдээж энэ бүгдийг дэмжихийн тулд яах аргагүй бодлого нь зөв байх хэрэгтэй. Дахин боловсруулалтыг дэмжсэн, сүүлийн үед бол тойрог эдийн засаг руу орж байна шүү дээ бид нар. Хог гэдэг бол нь уг нь их нөөц байгаа юм. Байгалиа ухаад гаргаж авч ашиглахаасаа илүү магадгүй хогноос бас хэрэгцээтэй, шаардлагатай зүйлсээ гаргаад аваад ашиглаж чаддаг бол бид нарт алс хэтдээ энэ илүү үр дүнтэй, үр ашигтай ийм нөхцөл байдлуудыг бий болгоно. Тэгэхээр бид нар бодлогын хувьд түрүүн хэлсэнчлэн дахин боловсруулах зүйлсээ булшлахгүй гээд хориглосон зүйл заалт тавих хэрэгтэй.

Хоёрдугаарт, тээврийн компаниуд, хог тээвэрлэж байгаа тохижилт үйлчилгээний газруудад хэр хэмжээний хог хаягдлыг, булшлагдах гэж байгаа хог хаягдлын хэмжээг хэдэн хувиар бууруулсан бэ гэдэг дээр нь төрөөс дэмжлэг үзүүлэх. Өнөөдөр 1000 тонн хог хаягдал ачлаа тэгвэл маргааш би 800 болголоо, тэрийг би 20%-аар бууруулж чадсан байна гэхэд тэрэнд нь тохирсон шагнал урамшууллыг өгөх байдлаар явах юм бол энэ нь хэтдээ үр өгөөжтэй зүйл болно. Яагаад гэвэл хог хаягдлаас илүү бүтээгдэхүүн гаргах тийш манай хөгжил орж ирнэ гэж харж байгаа. Тэгэхээр энэ бодлогын түвшний зохицуулалтуудыг хийгээд түүнийгээ дэмжсэн үйл ажиллагаануудыг менежментийн тогтолцоогоо өөрчлөх байдлаар хийх хэрэгтэй. Ингэснээр бид нар энэ хог хаягдлын салбараас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах боломжтой.

Хаягдал ус боловсруулах технологи бол ерөнхийдөө олон улсад тогтчихсон технологийг манай улсад ашиглаж байгаа. Энэ айхтар сайжраад өөрчлөгдөх зүйл бас биш, тогтчихсон технологи учраас. Харин тэндээс ялгарч байгаа лагаа яаж боловсруулах, метантенк ажиллуулаад метан гаргаад түүнээсээ эрчим хүч үйлдвэрлэх, тодорхой шинэ технологиудыг нэвтрүүлэх шаардлага бий болж байгаа. Үүнтэй холбоотойгоор боловсон хүчээ бэлтгэх хэрэгтэй байгаа. Шинэ технологиудтай холбоотой шинэ стандартуудыг баталж гаргах хэрэгтэй гээд олон бодлогын, стратегийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлага гарч ирнэ л дээ.

[Гэрэлтуяа] Бид нарын асуугаагүй эсвэл таны нэмж хэлмээр байгаа зүйл байна уу?

[Др. Энхдөл] Хүлэмжийн хийн ялгарлаас илүүтэйгээр хог хаягдлын салбар бол өөрөө тойрог эдийн засаг руу орох ёстой салбар. Эдийн засгийн хөгжлийг хангаж байгаа тэр түүхий эдийг хогны салбараар орлуулж эхэлж байгаа. Ийм учраас хүлэмжийн хийн талаар ярихаасаа өмнө манай хог хаягдлын бүтцэд орж байгаа аль хэсгийг нь бид нар боловсруулахгүй байгаа гэдгээ тодорхойлоод, түүн дээрээ дахин боловсруулах үйлдвэр маш ихээр нэвтрүүлж барьж байгуулж чадах юм бол булшлагдаж байгаа хогны хэмжээнээсээ сална. Нөгөө талаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой болно.

Тэгээд хамгийн чухал зүйл бол хүмүүсийн дадал, ойлголт, мэдлэгийг өөрчлөх нь яг энэ хог хаягдлын салбарт бол маш ихээр нөлөөлөх зүйл. Яагаад гэвэл хог хэнээс гарч байгаа вэ гэхээр хувь хүнээс гарч байгаа. Хувь хүний хэрэгцээг хэн ч хянаж чадахгүй, өөрөө л хянах шаардлагатай болно. Тэгэхээр хүмүүс өөрсдөө маш хариуцлагатай, өөрсдийнхөө энэ дэлхий дээр амьдарч байгаа нүүрсхүчлийн хийн ул мөрийг бууруулъя гэсэн ийм зорилготойгоор амьдрах; ийм дадал зуршлыг бид нар бий болгоход илүү анхаараад явбал хүлэмжийн хийн ялгарлыг, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулна. Нөгөө талаар бас Монгол Улсын эдийн засаг хөгжихөд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэж харж байна.

[Гэрэлтуяа] Өөрийн үнэтэй мэдлэг, туршлагыг бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа.

Видео хувилбар

© 2020-2025 Ногоон цэг уур амьсгал НҮТББ (Green Dot Climate NGO)