Энэхүү нийтлэлийг Хүлэмжийн дараа: уур амьсгалын өөрчлөлтийн подкастын 1-р улирал төслийн хүрээнд бэлтгэв.
Мэдэгдэл
Хүлэмжийн дараа подкастын 1-р улирлыг Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд бүтээв. Үүнд тусгагдсан агуулга нь зөвхөн зочин экспертийн хариуцлага бөгөөд Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, GIZ, Ногоон цэг уур амьсгал НҮТББ-ын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.
Зочин эксперт
Барилгын эрчим хүчний үр ашгийн эксперт, GIZ-ийн төслийн мэргэжилтэн С.Түвшинхүү
Хөтлөгч
Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, математикч, хиймэл оюун, их өгөгдлийн инженер Б.Гэрэлтуяа
Подкастын холбогдох анги, сэдэв
1-р анги, Уур амьсгалын өөрчлөлт; эрчим хүчний үйлдвэрлэл болон барилга, тээврийн салбарын эрчим хүч ашиглалтаас үүсэх хүлэмжийн хийн ялгаруулалт
Аудио хувилбар
Судалгаа
[Гэрэлтуяа] Өөрийгөө товч танилцуулна уу. Та ямар ажил эрхэлдэг вэ? Таны ажил уур амьсгалын өөрчлөлттэй яаж холбогддог вэ? Таны зорилго юу вэ?
[Түвшинхүү] Сайн байцгаана уу? Намайг С.Түвшинхүү гэдэг. Би мэргэжлийн хувьд дулаан хангамжийн инженер. Энэ салбарт нэлээн олон жил ажиллаж байгаа. Барилгын эрчим хүчний зөвлөх гэж Германы албан ёсны сертификаттай, 2011 оноос хойш барилгын эрчим хүчний зөвлөхөөр ажиллаж байгаа. 2021 оноос хойш зөвлөхөө илүү гүнзгийрүүлээд орон сууцны ба орон сууцны бус барилгын эрчим хүчний үр ашгийн эксперт гэдэг Германы эрчим хүчний агентлагаас баталдаг — Германд бол эрчим хүчний хэмнэлттэй үр ашгийг сайжруулсан үйл ажиллагаанд төрөөс нь санхүү дэмжлэг үзүүлдэг; энэ дэмжлэгт нотолгоо, баталгаа гаргаж өгөх эрчим хүчний үнэлгээ хийх, эрчим хүчний хэрэглээний холбогдох гэрчилгээ паспорт гаргах — энэ эрх бүхий хүмүүсийг сургадаг хөтөлбөрт хамрагдсан. Сүүлийн 20 гаруй жил GIZ байгууллагад эрчим хүчний холбогдолтой бүхий л төсөл хөтөлбөрүүд дээр оролцож, ялангуяа барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэл дээр маш олон төслүүдийг хэрэгжүүлсэн.
Миний ажил уур амьсгалын өөрчлөлттэй яаж холбогддог юм бэ гэхээр одоо хийж байгаа манай төсөл ийм зориулалтын санхүүжилт бүхий хэрэгжиж байгаа төсөл. Европын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмждэг Mitigation Action Facility гэж байгууллага байдаг. Тэр байгууллагын захиалгаар буюу санхүүжилтээр бид нар угсармал орон сууцны дулаалгыг сайжруулах, угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хэлбэрээр эрчим хүчийг хэмнэх, цаашлаад хүлэмжийн хийн бууралтыг бий болгох, ингэснээрээ цаашдаа улс орны Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх ажил хийж байгаа. Бид донор талдаа мөн ялгаагүй хүлэмжийн ялгарлаа нотолж баталгаажуулж хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байдаг. Тэр утгаараа би энэ тал дээр нэлээн тулж ажилладаг гэж хэлж болно.
Асуудал
[Гэрэлтуяа] Таны ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдаж буй асуудал юу вэ?
[Түвшинхүү] Миний ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдаж байгаа асуудлууд нэлээн олон байна. Хамгийн гол асуудал бол энэ талын ойлголт бид нарт төдийлөн сайн байхгүй байна. Зөвхөн энэ салбарын ч гэлтгүй нийт Монголын бүх шат, бүх түвшинд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарал, үүнтэй хэрхэн тэмцэх талаар боломж бололцооны талаарх хандлага, ойлголтыг сайжруулах шаардлага хэрэгцээ байна. Эрчим хүчний үр ашиг гэдэг ойлголтыг маш зөв ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Би өөрөө 20 хэдэн жил үндсэндээ зөвхөн энэ чиглэлийн сэдэв ярьж төсөл хэрэгжүүлж явсан, эндээс юуг хараад байна гэхээр ойлголт хандлага өөрчлөгдөнө гэдэг бол маш удаан хугацаа, их цаг авдаг юм байна. Тэгэхээр сүүлийн 20 жил нийгэмд өөрчлөлт тодорхой хэмжээгээр явагдаж байгаа ч гэсэн маш удаан байна.
Бид нар эрчим хүчний үр ашиг гэдэг ойлголтыг барилгын салбар дээр яаж буулгах ёстой вэ гэхээр тухайн барилгын халааж байгаа эзлэхүүнд ч юм уу, халааж байгаа талбайд ч юм уу харгалзах энергийнх нь хэмжээгээр тодорхойлох хэрэгтэй. Энийг олон улсад Energy Performance Indicator гэж нэрлээд байдаг. Монголоор бол Эрчим хүчний хэрэглээний хэрэгцээний илтгэлцүүр гэсэн ойлголт байдаг. Монголчууд бид нар унаж яваа машиныхаа бензиний хэрэглээг сайн мэддэг, — минийх 100 километрт хэдэн литрийг хэрэглэж байна, чинийх хэр хэрэглэж байна гэх маягаар өөр хоорондоо хэрхэн бууруулах талаар ярилцдаг — харамсалтай нь барилгын салбарт яг энэ ойлголт ерөөсөө байдаггүй. Барьж байгаа, худалдаж авч байгаа, амьдарч байгаа орон сууцныхаа 1 м2 тутамд хэрэглэж байгаа энергийн талын ойлголт үндсэндээ манайд байдаггүй. Тэдгээрээс Монголчууд юу ярьдаг вэ гэхээр манайх хэдэн киловаттын зуухтай, хэдэн киловаттын халаалтын чадалтай гэж л ярихаас биш яг хэрэглээтэй холбоотой, цаашлаад энэ хүлэмжийн хийн ялгаралтай уялдуулаад тайлбарлаж болохуйц ийм илтгэлцүүр манайханд хэвшээгүй байна.
Манай төслийн үйл ажиллагааны хүрээнд энэ чиглэлээр маш өргөн хүрээтэй ажлуудыг хийж байгаа. Эрчим хүчний аудиторуудыг бэлдэх эхний сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Эрчим хүчний үр ашигтай барилгуудыг санхүүжүүлэх, санхүүгийн татаас олгох энэ чиглэл дээр бид нар эхний загвар хэлбэрээр хоёр, гурван жилийн өмнө банкнуудын холбоотой хамтарч хэрэгжүүлсэн. Ямар үр дүнтэй юм болсон бэ гэхээр Монголчуудад барилгын дулаан хамгаалалтын норм гээд бүхэл бүтэн норм байдаг, тэр нормыг яг дагаж мөрдөх ёстой. Харамсалтай нь тэр норм ерөөсөө амьдралд хэрэгждэггүй. Тэгэхээр бид нар ямар зорилго тавьсан гэхээр энэ нормыг хэрэгжүүлж суръя. Нормоо биелүүлэх нь Монголын барилгын салбарт оролцож байгаа бүх хүмүүсийн үүрэг. Үүргээ биелүүлсний төлөө татаас авна гэсэн ойлголт байж болохгүй. Тийм учраас энэ үүргийг тодорхой хувь хэмжээгээр цааш нь давуулан биелүүлье. Нормын заалтаас 20 ба түүнээс цааш хувиар эрчим хүчний хэмнэлт бий болгосон барилгуудад манай төслөөс тодорхой татаасыг өгч байсан.
Төсөл юм чинь тодорхой хугацаатай, тодорхой санхүүжилттэйгээр дууссан. Бид нарын төлөвлөж байсан санхүү мөнгө бүрэн хэмжээгээрээ гараагүй ч тэр хандлага нь бий болоод үлдсэн. Өнөөдөр банкнууд ногоон зээл, ногоон санхүүжилтийг манай нэвтрүүлж байсан арга аргачлалаар, шалгуураар, зарчмаар олгоод эхэлсэн. Тэгэхээр бид нарын нэг том амжилт бол тэнд байгаа байх. Энд 1 м2-ыг танай барилга хэдээр халаах ёстой, одоо хэдээр халааж байна гэдгийг харьцуулаад тэр хэмжээний хэмнэлтийг бий болгож байна гэдгийг нь тодорхойлдог. Энэ банкны салбар, ялангуяа жижиг амины орон сууцуудаар маш сайн нэвтрээд явж байгаа. Тэгэхээр эхний ээлжид энд ойлголтын асуудал маш чухал байна гэсэн үг. Энийг ойлгохын тулд барилга барьж байгаа компаниуд, барилгын зураг зурж байгаа зураг төслийн байгууллагууд, барилга бариулж байгаа захиалагч, барилгыг санхүүжүүлж байгаа банк бүгдээрээ яг нэг ойлголттой байх ёстой. Нэг хэлээр яриад, нэг хэмжүүрээр хэмжээд явах энэ ойлголтуудыг тухайн үед бид нар өргөн хүрээтэйгээр сургалт, сурталчилгаа хийж танилцуулж байж үүнийг сайн түвшинд авчирсан. Одоо энэ цаашдаа тогтсон хэв маяг болоод явах боломжтой.
Дараагийн нэг асуудал бол энэ салбарт ч гэх юм уу, бараг улс орны хэмжээнд ч гэх юм уу, бүр салбар дамнасан асуудал болох салбар хоорондоо уялдаа их тааруу байдаг байдал. Ер нь хүлэмжийн хийн ялгарал, эрчим хүчний үр ашиг гэдэг ойлголт манайх шиг хуучин социалист системийн тогтолцоотой улсуудад төвөгтэй хувилбар болчхоод байгаа юм. Нэгдүгээрт, барилгын салбарыг харахад: барилгын салбар бол эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Дулааны эрчим хүчний бараг 100%-ийг барилга дулаацуулахад л хэрэглэж байгаа, цахилгаан эрчим хүчний нэлээн том, нөлөө бүхий хувь хэмжээг хэрэглэж байгаа; тэгэхээр эрчим хүчний салбарын нийлүүлж байгаа энергийг хэрэглэж байгаа хэрэглэгч гэсэн үг. Эрчим хүчний хүлэмжийн хийн ялгарал гэдэг ойлголт ямар энерги хэрэглэж байна; тэр энергид харгалзах хүлэмжийн хийн илтгэлцүүр буюу нөгөө Emission Factor гэдэг ойлголт энэ хоёрын үржвэрээр хүлэмжийн хийн хувь хэмжээ тодорхойлогддог.
Эрчим хүчний салбарын үйлдвэрлэсэн энергийг барилгын салбар хэрэглэж байгаа учраас Emission Factor гэдэгт нөлөөлөх ямар ч боломжгүй болчихдог. Хэрэглэж байгаа энергиэ бол барилгын салбар буулгах боломжтой байдаг. Энэ нь мэдээж хэрэг зураг төслөөсөө эхлээд төлөвлөлтийн асуудлууд, гүйцэтгэлийн чанар, цаашаагаа яривал эцсийн хэрэглэгчийн хэрэглээний хэв маягтай холбоотойгоор бууруулах боломж нь тэндээ байдаг. Тэгэхээр эрчим хүчний салбараас энерги авчхаад тэнд байж байгаа Emission Factor-оор өөрийнхөө хэрэглэж байгаа энергийг үржүүлэхээр асар өндөр ялгаруулалт гараад байдаг. Харамсалтай нь манайд сонголт байдаггүй.
Ерөөсөө төвлөрсөн нэг системээс цахилгаан авч байна, Улаанбаатар хот гэхэд бол төвлөрсөн нэг дулаан хангамжийн асар том сүлжээнээс дулаан авч байна. Энэ салбарууд дээр ч гэсэн дахиад нөгөө Emission Factor гэж яриад байгаа хамгийн гол хэмжигдэхүүн нь тодорхой бус, ойлгомжгүй байдаг. Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудад тусгай зөвшөөрөл өгөөд эрчим хүч үйлдвэрлэх эрхийг нь өгдөг л дөө. Тэгэхээр уг нь бол тэндээс шаардаад үйлдвэрлэж байгаа нэгж бүтээгдэхүүнд харгалзах хүлэмжийн хийн ялгарал буюу CO2-т шилжүүлсэн эквивалент утгыг тодорхойлдог болох, үүгээрээ компаниуд өөр хоорондоо өрсөлддөг болох, түүгээр эрхийг нь сунгуулах гол шалгуур, хэмжүүр болдог байх ёстой; магадгүй цаашдаа. Одоохондоо бол бид нарт ийм боломж алга л даа. Цаашдаа хэрэглэгч бас энэ өнцгөөс нь сонголтоо хийдэг бол бид нар харьцангуй том алхаж байна гэсэн үг. Энэ том алхалт бол бид нарт одоохондоо хол байна. Одоохондоо бид нар асар ойлголтын хоцрогдолтой явж байна.
Нэг жишээ дурдахад: Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн баримт бичиг байгаа шүү дээ, хоёрдугаарх нь. Түүн дээр барилгын салбар хоёр үйл ажиллагаа төлөвлөсөн байдаг байсан. 830 мянган тонн хүлэмжийн хийг бууруулна гээд ердөө хоёрхон үйл ажиллагаа төлөвлөсөн. Нэг нь нүүрсийг нүүрсээр солиод 599 мянган тонн CO2 буулгана гээд биччихсэн байсан. Энэ маш удсан. Нүүрсийг нүүрсээр солиод хүлэмжийн хий буурдаггүй гэдгийг дэлхий бараг манайхаас бусад нь бүгдээрээ харамсалтай нь мэдэж байгаа. Тэгэхээр эндээс л бид нарын ойлголт асар хол, их хоцрогдсон байгаа юм байна гэсэн дүгнэлтийг хийх гээд байна. Хүлэмжийн хийн гол төлөөлөл СO2 гэдэг нүүрсний дотор агуулагдаж байгаа нүүрстөрөгч агаартай урвалд орж үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр нүүрсийг нүүрсээр солиод тийм айхтар том хэмжээгээр бууруулах, — барилгын салбар тухайн үед 830 мянган тонныг буулгана гэсэн амлалттай байсан; тэрнийхээ бараг 70 гаруй хувийг ийм арга хэмжээгээр бууруулна гэж ярьдаг байсан — харамсалтай нь энэ ямар ч боломжгүй. Боломжгүй гэхээс илүү энэ хүмүүс ямар ойлголт муутай улсууд вэ гэж хаа сайгүй ойлгохоор ийм асуудал болж хувирсан.
Нөгөө арга хэмжээ нь маш ойлгомжтой арга хэмжээ байсан. Хуучин системийн үед баригдсан ямар ч дулаалгагүй угсармал орон сууцуудыг дулаална. Энүүгээр эрчим хүчийг хэмнэнэ. Мэдээж эрчим хүч хэмнэгдэхээр цаана нь хүлэмжийн хий буурна гэдэг нь ойлгомжтой. Манай төвлөрсөн халаалтын системд холбогддог, тэндээс тэжээгддэг, дулаан хангамж авдаг энэ бүх угсармал орон сууцыг дулаалахад 230 мянган тонн хүлэмжийн хийг бууруулах юм байна гэсэн арга хэмжээтэй байсан. Мэдээж энэ маш ойлгомжтой. Хэн ч хараад энэ бол боломжтой хувилбар гэдэг нь бараг эхний өгүүлбэрээс ойлгогдож байгаа учраас энд ийм арга хэмжээг санхүүжүүлэх санхүүжүүлэгч амархан олддог. Манай төсөл яг энэ арга хэмжээгээр Европын Mitigation Action Facility-гаас 18 сая еврогийн санхүүжилтийг босгож хажуугаас нь дахиад Барилга хот байгуулалтын яам, мөн Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран санхүүжүүлээд энэ төсөл одоо хэрэгжээд явж байна. Тэгэхээр энэ ойлголтыг маш зөв хийгээд, үйл ажиллагаагаа зөв төлөвлөвөл бид нарт санхүүжилт босгох маш том шанс, маш том боломж байдаг юм аа гэдгийг би бас үүгээр давхар хэлмээр санагдаад байна.
Дараагийн нэг том асуудал гэвэл манайд дата мэдээлэл гэдэг ойлголт үндсэндээ байхгүй. Төслийн бичиг баримтыг боловсруулахад зүгээр онолын хийсвэр тооцоонууд дээр маш өөдрөгөөр тооцоод санал хүргүүлчихдэг, асар их хэмжээний хүлэмжийн хийг бууруулахаар өгдөг. Яг бодит амьдрал дээр буцаагаад датанууд шүүгээд ирэхээр яг тэр амлалтдаа хүрэхгүй болох хувилбар их гарч ирдэг. Тийм учраас энэ хэрэглээтэй холбогдсон дата мэдээллийг манайхан маш сайн цуглуулдаг, ялангуяа маш ойрхон давтамжтай, маш зөв датаг, зөв цаг үед нь хадгалах, цуглуулах энэ асуудал дээр зайлшгүй ач холбогдол өгч анхаарахгүй бол бид нар их хоцрогдолтой байгаа.
Манай дээр янз бүрийн дата мэдээллүүд бол энд тэнд байдаг. Гэхдээ хэрэглээтэй холбогдсон дата мэдээллүүд харьцангуй бага. Аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг хангах зорилготой горимын шинж чанартай датанууд байдаг. Жишээ нь, дулааны асуудал ярилаа гэхэд температуруудынх нь дата цуглуулчихсан байх, даралтын дата ч гэдэг юм уу, харин яг хэрэглээтэй холбоотой, өнөөдрийн бид нарын яриад байгаа хүлэмжийн хийн асуудалтай, тэрийг тодорхойлоход гол хэмжигдэхүүн болдог тэр датанууд их учир дутагдалтай гарч ирдэг юм. Тэгэхээр цаашдаа бид нар маш их хэмжээний датаг маш зөв форматаар нь цуглуулах ёстой юм байна гэсэн санааг би бас хэлмээр байна.
Тэгээд энэ дата сайн цуглараад ирэхээр юм их тодорхой болж эхэлдэг. Би өөрийнхөө төсөл дээр жишээ харахад: угсармал орон сууцуудад сүүлийн 1 жил 300-аад дулааны тоолуур тавиад угсармал орон сууцуудын яг бодитой хэрэглээг бүртгэж эхэлсэн. Энэ бүртгэлийн үр дүнд л гэхэд буцаад бид нар анх амлаж байсан юм уу, тооцоо гаргаж байсан, онолын хувьд тооцож байсан тэр тоон үзүүлэлтэд дахиад л хүрэхгүй байх магадлал маш өндөр болж эхэлж байгаа. Яагаад гэхээр нөгөө ханган нийлүүлэгч тал маань шаардлагатай энергийг нийлүүлж чадахаа байсан. Ингээд ирэхээр миний юм уу, бидний хэмнэх гээд байгаа хэмнэлт тэр дутууг нь нөхөх энэ зарчим руу тодорхой хувь нь явчих гээд байгаа учраас бас л маш нарийн үндэслэлтэй явахгүй бол хэн нэгэн мөнгө өгч байгаа хүн тэрнийхээ араас бол маш сайн мөрддөг мөшгөдөг, маш бодитой тоо тооцоо судалгааг шаарддаг. Тэгэхээр энэ дата цуглуулах, үнэн зөв цуглуулна гэдэг маш чухал үзүүлэлт байдаг юм байна гэдгийг би энд бас нэг хэлчихмээр санагдаад байна. Ийм гурван асуудлыг би эхний ээлжид тавьчихъя.
Шийдэл
[Гэрэлтуяа] Эдгээр асуудлуудын хамгийн оновчтой шийдэл юу вэ?
[Түвшинхүү] Мэдээж хэрэг яг эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэдэг ийм асуудал яриад ирэхээр манайд хариуцах эзэнгүй болчихдог. Яг хэн хариуцах юм гэдэг асуудал их хэцүү болж эхэлдэг. Барилгын талаар ярихаар Барилгын яам, салбарын яам нь барилгын норм дүрэм, тухайн барилгын анх баригдах асуудлуудыг л хариуцахаас биш, цаашдаа хэрэглэж байгаа хэрэглээтэй холбоотой асуудлуудыг хариуцахаа байж эхэлдэг. Тэгээд ялангуяа барилга эрчим хүчийг хоёр төрлөөр хэрэглэдэг. Үндсэндээ хоёр төрлийн юм уу, хоёр чиглэлээр хүлэмжийн хий ялгаруулдаг гэж ойлгож болно шүү дээ.
Бариад дууссаны дараа ашиглалттай холбоотой эрчим хүч бол хамгийн том хувийг эзэлдэг. Ялангуяа манайд, Улаанбаатар шиг маш урт, маш хүйтэн өвөлтэй дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд. Энд бол хэрэглээний эрчим хүчний хэмжээ маш өндөр байдаг. Хуучин системийн үед баригдсан ямар нэг дулаалга байхгүй барилгуудад бол тэр Energy Performance Indicator буюу халаалтын дулааны 1 м2-д ноогдох хэмжээ ойролцоогоор 500 кВт*цаг байдаг. Энэ нь Европт бол Германы өнөөдрийн норм стандартаар 60-70 кВт*цаг. Монгол Герман хоёр юм уу, төв Европ Монгол хоёр цаг уурынхаа хувьд 2.5-3 дахин ялгаатай гэсэн үг. Тэгэхээр тэнд 70 байж байгаа юм манайд бол 250, 260-тай байна гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бид нар 500-тай байгаад байна гэсэн үг. Тэгэхээр бид нарт энд асар их хэмжээний боломж, бараг нөөц байна аа гэдгийг ч бас нэг талаасаа харах ёстой байх. Нэгэнт ийм их боломж нөөц байгаа юм чинь энийг ашиглахын тулд хэн хариуцах вэ гэдэг асуудал маш чухал болно.
Ихэнх төсвийн байгууллагууд тухайн салбар яамаараа дамжуулж санхүүжилт, хөрөнгө оруулалтаа авдаг. Тэгэхээр энэ хүлэмжийн хийг бууруулах, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр ч гэдэг юм уу, энэ талаараа дамжуулаад бүх салбарын яамыг тодорхой үүрэгжүүлбэл их зүгээр. Тодорхой төсөв дээрээ энэ арга хэмжээнүүдийг юм уу, ямар нэг засвар шинэчлэл, шинээр барьж байгаа арга хэмжээнүүд дээр зайлшгүй ийм шалгуураар оруулж ирэх хэрэгтэй. Жишээ нь Германд бол ийм дүрэмтэй байдаг. Хуучин барилгын фасадын 10-20 хувийг өөрчилсөн тохиолдолд өнөөдрийн шинэ тавьж байгаа нормын буюу тэр дулаан хамгаалалтын нормын шаардлагад хүргэнэ гэдэг. Энэ бол мэдээж хэрэг бид нарт хатуу тусах байх, гэхдээ энийг арай жаахан зөөллөөд өөрсдийнхөө нөхцөл, чадамжид нийцүүлээд ийм шаардлага тавьж болно. Ингэснээрээ жил болгон оруулсан хөрөнгө оруулалт тухайн салбарын барилгуудынх нь тэр Energy Performance Indicator гээд байгааг бууруулж байвал — дундаж утгыг аравны, зууны, мянганы нэгээр ч бууруулж байвал — энэ маш том амжилт гэсэн үг.
Төсвийн байгууллагуудын зэрэгцээ дахиад аж ахуйн нэгж, айл өрх гэж байгаа. Аж ахуйн нэгж тухайн орон нутгаасаа ямар нэг зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулдаг. Тэр зөвшөөрөлтэй нь уялдуулаад дахиад энэ үүргийг шахалт хийх - гэхдээ дандаа шахалт албадлага байж болохгүй шүү дээ, бас санхүүгийн хөшүүрэг, механизм нэвтрүүлэх, ийм төрөл бүрийн хувилбаруудаар үүрэгжүүлэх, дэмжих бодлого баримтлах хэрэгтэй. Айл өрх ч гэсэн хороо дүүргээрээ харьяалалтай шүү дээ, тухайн орон нутагт. Тэгэхээр орон нутгаар нь дамжуулаад шинээр байшин барьж байгаа бол энэ шаардлагыг хангана, хуучин байшингаа засаж байгаа бол энэ нөхцөлийг хангуулах ёстой гэдэг ч юм уу, иймэрхүү маягийн маш тодорхой, эзэнтэй болгохгүй бол Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалах асуудлыг яг хэн хариуцах вэ юм гэхээр эзэн байдаггүй. Хотын захиргаа хариуцдаг уу гэхээр ямар нэг байдлаар хариуцдаг зохицуулалт байхгүй, эрчим хүчний салбар ханган нийлүүлэх үүрэгтэй, барилгын салбар тэр нормын шаардлагыг хангахыг л хариуцаж хэрэглээтэй холбоотой асуудлыг маш бага хариуцдаг.
Нөгөө талаасаа дараагийн нэг боломж гэвэл эрчим хүчний үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хил хязгаарыг маш сайн тодорхой болгох; ер нь хил хязгаар маш тодорхой байх хэрэгтэй байдаг. Би өөрөө энэ эрчим хүчний үнэлгээ хийдэг. Хаанаас хаа хүртэл, аль хүрээнд хийх юм бэ, үүний хил хязгаар хаана дуусах юм гэдэг л маш чухал. Тэгэхээр нэг барилга дээр тийм үнэлгээ хийж болно. Нэг хороолол дээр хийж болно. Нэг хотхон дээр хийж болно. Хороогоор нь, багаар нь, сумаар нь гэх мэтчилэн маш тодорхой хил хязгаарын хүрээнд орж байгаа, гарч байгаа энергийн урсгалаар нь баланслуулж өөр хооронд нь харьцуулах замаар үнэлгээ, тооцоог хийдэг. Тэгэхээр энэ хил хязгаар, хариуцлагыг маш сайн тодорхой болгох хэрэгтэй.
Үйлдвэрлэгч нь нөгөө Emission Factor гэдэг ойлголтыг маш сайн тодорхой илэрхийлдэг, хүмүүс нь тэрүүгээр нь — сүүлийн үед нэлээн яригдаж байна шүү дээ; эрчим хүчний үнийг чөлөөлнө, аукционоор үнийг тогтооно гээд — энэ бол үнийн хамгийн эхний ээлжид харах ёстой өнцөг байх, хүмүүсийн дараагийн нэг сонгох шалгуур нь хэр цэвэрхэн байна гэдгийг нь хардаг бол бидэнд маш сайн, маш зөв. Монголчууд бүгдээрээ энийг ойлгохгүй биш шүү дээ. Маш олон мэддэг, ойлгодог хүн байгаа, магадгүй үнэтэй ч гэсэн ирээдүйгээ бодоод цэврийг нь бодоод угаар утааг нь бодоод гээд сонголт хийхийг үгүйсгэхгүй юм. Гэхдээ тэр бол манай дахиад нэлээн удах байх. Энэ нэг чухал асуудал байна. Тийм учраас Emission Factor гэдгийг маш сайн тодорхой болгох хэрэгтэй байна.
Тэгээд барилгын салбар яг яаж энийгээ тодорхойлох вэ гэдгээ бодлогын хувьд нэг сайн тодорхойлж чадахгүй л байх шиг байна. Яг хамгийн зөв тодорхойлолт бол барилгын салбарын хэрэглэгч. Хэрэглэгч гэдэг утгаараа өнөөдөр манай бүх барилгуудын жигнэсэн дундаж бол 1 м2-д 300-350 кВт*ц энерги хэрэглэж байна. Үүнтэй уялдаад ийм хэмжээний хүлэмжийн хий ялгараад байна. Энэ үзүүлэлтийг буулгана гэдэг бодлогыг л маш сайн баримталбал их чухал. Тэгэхээр дараагийн нэг чухал асуудал юу вэ гэхээр өнөөдөр манай барилгын салбар тодорхой хэмжээгээр энэ чиглэл дээр ач холбогдол өгөөд нормоо сайжруулж байгаа ч зөвхөн шинэ барилга руу чиглэсэн бодлого баримтлаад байдаг.
Өнөөдөр Монголчууд нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарлаар асар өндөр явна. Кувейт, Катартай харьцуулсан нэг харьцуулалт вебсайтуудаар байж байдаг, тэд нар бид нарын хотуудтай харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ бараг 100 дахин өндөр баян тансаг хэрэглээтэй; зарим нь алтан дээр суусан хүмүүс байгаа шүү дээ; бид нар тэгэхэд нөгөө модон жорлонтойгоо, морио унасан хэр нь асар өндөр хэмжээний хүлэмжийн хий нэг хүнд ноогдоод байгаа. Мэдээж хөдөө аж ахуйн салбар маш чухал нөлөөтэй байдаг. Эрчим хүчний салбар, тэгээд эрчим хүчний салбарын гол хэрэглэгч нь барилга гээд үзэхээр үндсэндээ бид нар эрчим хүчийг маш үр дүнгүй, үр ашиггүй, болхи технологиор үйлдвэрлэж байна. Мөн хэрэглэж байгаа хэрэглэгч тал нь ямар ч ойлголтгүйгээр, дэндүү задгай хэрэглээтэй, дэндүү үрэлгэн, ихэнх орон сууцны барилгууд бол талбайгаараа мөнгөө төлж байна. Яг бодит хэрэглээ яг юу байдгийг ч мэдэхгүй байна. Тэгэхээр энэ дээр хийх юм маш их байна гэж хэлмээр байна.
[Гэрэлтуяа] Өөрийн үнэтэй мэдлэг, туршлагыг бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа.
[Түвшинхүү] Баярлалаа, амжилт хүсье.