Green Dot Climate NGO Нийтлэлүүд

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт, түүний уур амьсгалын өөрчлөлт дэх нөлөө

Энэхүү нийтлэлийг Хүлэмжийн дараа: уур амьсгалын өөрчлөлтийн подкастын 1-р улирал төслийн хүрээнд бэлтгэв.

Мэдэгдэл

Хүлэмжийн дараа подкастын 1-р улирлыг Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд бүтээв. Үүнд тусгагдсан агуулга нь зөвхөн Ногоон цэг уур амьсгал НҮТББ-ын хариуцлага бөгөөд Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон GIZ-ийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Хөтлөгчид

  • Б.Гэрэлтуяа, Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, математикч, хиймэл оюун, их өгөгдлийн инженер
  • А.Сайнсанаа, Эрчим хүч ба хүрээлэн буй орчны менежмент (MEng), Хүрээлэн буй орчны инженер (BSc)
  • Irene, Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, график артист, уур амьсгалын активист

Аудио хувилбар

Судалгаа

[Irene] Өмнө нь бид уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихад Монгол Улсын хувьд хамгийн түрүүнд яригдах хоёр салбар гэж эрчим хүч, хөдөө аж ахуйн салбаруудыг хэлж байсан. Мөн өмнөх дугаараар эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс ялгарч байгаа хүлэмжийн хийг бид нар онцлон авч үзсэн. Харин өнөөдөр бүгдээрээ хөдөө аж ахуйг оруулаад эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалтын талаар ярилцана. Эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалт гэдэгт цемент үйлдвэрлэх, хаягдал ус зайлуулах гээд аж үйлдвэрлэлийн явцад үүсэх химийн урвалуудын үр дүнд хүлэмжийн хий агаарт дэгдэх, хивэгч малын хоол боловсруулах явцад гадагшлах метан хий гэх мэт хүлэмжийн хийн ялгаруулалт орно. Ерөнхийдөө энерги зарцуулахгүйгээр дэгдээж, алдаж байгаа хүлэмжийн хийн ялгарал энэ ангилалд орно.

[Irene] Манай улсад хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлттэй яаж холбогддог вэ?

[Сайнсанаа] Бид нар уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярилцаж, түүний тодорхойлолтыг өмнө тайлбарласан. Мөн Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөөлөл, түүний бодитой эрсдэлүүдийг танилцуулсан. Одоо би уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хөдөө аж ахуйтай холбоотой асуудлын өөрийн харсан нэгэн бодит жишээг дурдъя.

  • 2021 онд би Дорнодод баримтат киноны зураг авалтаар явж байхдаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дотоодын хөдөлгөөний эрчимжээд удаж байгааг илүү гүнзгий ойлгосон. Дотоодын хөдөлгөөн гэдгээр бид төрж өссөн нутагт нь гадаргын ус болоод усны ундарга ширгэж, газар харлах буюу ус байлаа ч ногоо ургахгүй нөхцөлд малчид маань эхлээд отроор, дараа нь бүр нэг мөсөн нутгийн өмнө хэсгээс хойд хангайн бус рүү нүүдэллэхээс өөр аргагүй болдог нөхцөл байдлыг хэллээ. Миний очсон айл яг ингэж Говь-Алтайгаас Дорнод руу нүүж, тэр айлын саахалт болоод хамаатны айлууд нь Хөвсгөл рүү нүүсэн гэж байсан. Уг нь ус, өвс ногоо сайтай бол өссөн дассан газраасаа өөр газар руу хол нүүхийг хүсдэг хүн ховор. Тэр айл ч мөн хүсээгүй гэсэн.
  • Гэхдээ энэ нүүдэл нь яг ямар асуудлыг хойд нутгаар буюу айлууд нүүн очиж буй газруудад үүсгэж байгаа вэ гэвэл аль хэдий нь муудсан бэлчээрт нэгж газарт ноогдох малын тоог ихэсгэснээр даацыг нь хэтрүүлж, бэлчээрийн доройтлыг улам хурдасгаж – дан ганц өмнө хэсгээрээ говиос цөл болохоос гадна хойд нутгаараа бас бэлчээр талхлагдаж, улмаар гарц нь муудаж, хөрс нь цөлжих эрсдэлийг үүсгэнэ гэсэн үг.
  • Нэмээд хэлэхэд, сая яригдсан Монголын хойд хэсэг нь өвөлжилтийн тэжээлийн бэлтгэлийг хангадаг гол нөөц бүс. Тэр үед бид бэлчээрийн зөв менежментийг нэвтрүүлэхээр хичээж буй нутгийн иргэд болоод аргагүйн эрхэнд нутгаасаа холдсон отроор нүүдэлчдийн хооронд болсон маргааныг нүдээр харж байсан. Энэ хоёр бүлгийн хооронд үл ойлголцол, бэлчээрийн хомсдол үүссэнийг энэ жишээ шууд баталж байна.

[Гэрэлтуяа] Одоо бүгдээрээ хөдөө аж ахуйн салбарын зарим тоо мэдээтэй танилцах гэж байна. Үндэсний статистикийн хорооны 2024 оны тоогоор Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3% (архив), хөдөлмөр эрхлэлтийн 22.4%-ийг (архив) бүрдүүлжээ. Энэ тоонуудыг дангаар нь биш харьцуулж харвал илүү ойлгомжтой болно. 10 жилийн өмнөхтэй хувилж харьцуулбал уг салбарт 1.2 дахин олон хүн ажиллаад одоогоос 2 дахин илүү дотоодын нийт бүтээгдэхүүн гаргадаг байж. Тэгэхээр ажиллагсад багасахтай зэрэгцээд үүсгэдэг үнэ цэн буурсан, буурах буурахдаа нэгж ажиллагчид ногдох нэмэлт үнэ цэн илүү буурсан гэсэн үг.

Хөдөө аж ахуйн салбарын гол дэд салбар болох мал аж ахуйн талаар хэдэн тоо баримттай танилцацгаая. Монгол Улсын статистикийн эмхэтгэлийн (архив) тоогоор малын нийт тоо 2024 онд 57.6 сая толгойд хүрсний 4.7 сая нь адуу, 5.1 сая нь үхэр, 480.6 мянга нь тэмээ, 24.5 сая нь хонь, 22.9 сая нь ямаа байна. Үүнийг 2019 онд батлагдсан Малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлалын (архив) дагуу хонин толгойд шилжүүлбэл 2024 онд манай улс хонин толгойд шилжүүлснээр 110 сая орчим толгой малтай байжээ. Тэгвэл манай улсын нийт бэлчээрийн даац хэд вэ?

  • 2018 оны Үндэсний статистикийн хорооны хийсэн тооцоогоор (хэсэгчилсэн архив) манай 112 сая га бэлчээрт энгийн жилд бодит тоогоор 51.6 сая толгой мал, хонин тоонд шилжүүлсэн дүнгээр 86 сая толгой мал идээшлэх боломжтой юм байна. Хэрэв энэ тоог баримталбал өнгөрсөн жилд бэлчээрийн даац 24 сая хонин толгойгоор хэтэрсэн байна. Бэлчээрийн даац газар орон бүрд өөр байна гэдгийг бас тооцох хэрэгтэй. Цаг уур, орчны шинжилгээний газрын Уур амьсгалын үйлчилгээний систем дээр нийтэлсэн 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даац (архив) нийт нутгийн 47% нь бэлчээрийн нөөцтэй, 20% нь бэлчээр хүрэлцээтэй, 21% нь даац 1-3 дахин хэтэрсэн, 4% нь даац 3-5 дахин хэтэрсэн, 8% нь даац олон буюу бүр 5-аас олон дахин хэтэрсэн байна гэж гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрчээ.
  • Нэмэлтээр, мал аж ахуй дотроо тэжээвэр амьтдаас гахайн тоо 2024 онд 21.3 мянга, шувууны тоо 1.8 саяд хүрчээ. Үр тариа 2024 онд 443.2 мянган тонн, таримал тэжээл 259.2 мянган тонн, хүнсний ногоо 282.3 мянган тонн, төмс 251.4 мянган тонныг тус тус хураан авчээ. Дээрээс нь нэмээд техникийн ургамал 59.4 мянган тонн, жимс, жимсгэнэ 2 мянган тонн, бэлтгэсэн өвс, хадлан 1.6 сая тонн орчмыг хураан авчээ.

Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт гэдэг нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг мах, сүү, талх, жимс, ногоо гэх мэт бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад үүсдэг гэсэн үг.

[Irene] Тэгвэл эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалтад орж байгаа бусад салбарууд болох аж үйлдвэр, хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

[Сайнсанаа] Өмнө дурдсанчлан аж үйлдвэрийн салбараас үүсэх хүлэмжийн хий нь түлш шатаахаас бус харин химийн урвалаас гаралтай байдаг. Тухайлбал цемент, шохой, шил, төмөр химийн бодисын гангийн үйлдвэрлэл болон метанол, этанол зэрэг ашиглаж үйлдвэрлэх бүтээгдэхүүн жишээ нь архи, пиво үйлдвэрлэлээс их хэмжээний нүүрсхүчлийн давхар исэл ялгардаг бол хөргөгч, агааржуулагчийн шингэн, механик тосолгоо, асфальт зэрэг бүтээгдэхүүнээс фторт хий болон бусад органик нэгдэл ялгарч байдгийг бид мэдэх хэрэгтэй. Харин хог хаягдлын салбарын хувьд хатуу хогийн цэгүүдээс органик хаягдал задарснаар метан ялгарч, бохир ус болон лагийн менежментээс метанаас гадна азотын исэл ялгардаг. Нэмж хэлэхэд метан хий хүлэмжийн хийнүүдээc хамгийн өндөр нөлөө үзүүлэгч хий байдгаас гадна 5-15 хувийн концентраци хуримтлагдвал дэлбэрэх нөхцөл ч үүсгэдэг, ийм сонирхолтой хий.

  • [Гэрэлтуяа] Тэгвэл бүгдээрээ одоо эдгээр үйл ажиллагаанаас хэр хэмжээний хүлэмжийн хий ялгардгийг харцгаая. Манай улс 2020 онд 22.3 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэх хэмжээний хүлэмжийн хийг хөдөө аж ахуйн салбараас ялгаруулсан гэж Үндэсний 4-р тайлан илтгэлдээ (архив) тооцоолсон ба энэ нь 1990 онтой харьцуулахад 99.5%-аар өссөн үзүүлэлт юм. Харин аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний бус ялгаруулалт 1.1 сая тонн, хог хаягдлын салбар харьцангуй бага буюу 250 мянган тонн байжээ. Энэ нь 1990 оны үеийнхтэй харьцуулахад 302% болон 350.9%-ийн өсөлт юм байна. Өмнөх ангиар ярилцсан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний хүлэмжийн хийн ялгаруулалт 2020 онд 19.2 сая тонн байсан ба 1990 оныхтой харьцуулбал 59.6%-аар өссөн байна. Эдгээрийг нийлүүлбэл Монгол Улс 2020 оны байдлаар нийтдээ 43 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэх хүлэмжийн хийг ялгаруулсан байна.

[Сайнсанаа] Өмнө нь бид хүлэмжийн хийн тооллогын өөр өөр аргачлал, хамрах хүрээнээс хамаарч өөр өөр тооцоолол гардаг гэж хэлж байсан. Жишээ нь, олон улсын нээлттэй дата сан болох Европын Холбооноос санхүүждэг Copernicus агаарын мониторингийн үйлчилгээний хиймэл дагуулын зураг ашиглан агаараас тандан судалсан тооцооллоор Монгол Улс 2020 онд нүүрсхүчлийн хий 146 сая тонн, метан хий 77 сая тонн, угаарын хий 2.6 сая тонн ялгаруулсан гэж тооцоолсон байсан. Харин Climate Trace гэдэг олон төрлийн сурвалжаас дата цуглуулж нэгтгэдэг өгөгдлийн санд Монгол Улс 2023 онд нийт 206 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэх хүлэмжийн хий ялгаруулсан тооцоолол байгаа юм.

Асуудал

[Сайнсанаа] Ингээд бид нар манай улсын хөдөө аж ахуй болон аж үйлдвэр, хог хаягдлын салбарын эрчим хүчний биш хүлэмжийн хийн ялгаруулалт хэр түвшинд байгааг судаллаа. Тэгвэл энэ салбаруудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулахад ямар асуудалтай тулгарч байгаа вэ?

[Гэрэлтуяа] Эхлээд хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад тулгарч буй асуудлуудыг ярилцъя. Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт нь үндсэндээ мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаанаас үүсэж байгаа. Мал аж ахуйн хувьд хүлэмжийн хийнүүд дотроос метан хийг хамгийн ихээр ялгаруулдаг салбар. Энэ нь хивэгч малын хоол боловсруулах системийн онцлогтой холбоотой. Н.Солонго тэргүүтэй ХААИС-ийн судлаачдын 2020 оны бүтээлээс (архив) эшлэхэд “Метан хий нь хивэгч мал амьтдын тэжээл боловсруулах эрхтэнд устөрөгч болон нүүрс ус хүчилтөрөгчгүй орчинд исэх үед үүсэж гадагшилдаг” гэжээ. Тэгэхээр хивэгч мал буюу манай таван хошуу малаас үхэр, хонь, ямаа хэр олон байна, тэр хэмжээгээр метан хий ихээр ялгарна гэсэн үг. Дэлхий дахинд метан хийн ялгаруулалтыг махны зориулалтаар фермийн нөхцөлд өсгөж үржүүлдэг үхрийн аж ахуй ихээр бүрдүүлдэг. Харин манайд хонь, ямаа олон тоотой байдаг учраас үхэртэй адилхан метан хийн ялгаруулалтад хувь нэмрээ оруулдаг.

Манай улсын нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц соёл, уламжлал, мөн нийгэм эдийн засгийн хөшүүргүүдээс хамаараад манай улсын малын тоо их байгаа, үүнээс үүдээд их хэмжээний хүлэмжийн хийг мал аж ахуйн салбар ялгаруулдаг. Энэ хүлэмжийн хийг багасгахын тулд малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, чухал хэрэгцээт үйлдвэрлэл болох мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг алдагдуулахгүйгээр малын тоо толгойг бууруулах хэрэгцээ шаардлага байгаа юм. Малын тоо толгой хэд байх нь оновчтойг тодорхойлохдоо бид бэлчээрийн даацыг суурь болгож ирсэн нь яахын аргагүй зөв зүйл. Бэлчээр хангалттай, хүрэлцээтэй байх нь мал аж ахуйн салбар тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулахын үндэс, дээрээс нь манай улсын малын тоо толгой сүүлийн жилүүдэд бэлчээрийн даацаас тогтмол давж ирсэн. Гэхдээ бэлчээрийн даацад малын тоо толгойг нийцүүлсний дараа энэ тоо нь бидний хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах зорилттой хэр уялдах талаарх асуулт бас гарч ирнэ.

  • [Irene] 2020 оны Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод (архив) хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд малын тоо толгойн хэмжээг зохицуулах, бууруулах болон малын өтөг, шивхийн менежментийг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн байсан. Харин энэ жил батлагдаж байгаа NDC 3.0-д (архив) махны экспорт болон дотоод нийлүүлэлтийг ихэсгэх гэсэн зорилтуудыг шинээр дэвшүүлжээ.

[Гэрэлтуяа] Малын тоо бэлчээрийн даацаас хэтэрч өссөний нэг шалтгаан болох нийгмийн хөшүүрэг нь зөвхөн малын тоонд төвлөрсөн бодлого буюу мянгат малчдыг тодруулж алдаршуулдаг урамшууллын тогтолцоо юм. Олон малтай байх нь малчдын хувьд эдийн засгийн хувьд ач холбогдолтой ч гэсэн бэлчээр доройтож малынх нь ашиг шим буурах, маллах хүн хүчний дутагдалд орох, үүнээс болж ган, зудад өртөх эрсдэл ихсэх гэх мэтийн сул талууд мөн үүсгэдэг.

  • [Irene] Малчин өрх гэдгээр жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгодог малтай өрхүүдийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл малтай өрх болгон малчин өрх байх албагүй гэсэн үг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан Статистикийн мэдээнээс (архив) энд дурдъя. Малчин нэг өрхөд ногдох малын тоо 2024 онд дунджаар 269 болж, өмнөх оноос 40 толгой мал буюу 12.9%-аар буурсан байна. Эхний малын 14.5% буюу 9.4 сая том мал 2024 онд зүй бусаар хорогдсоны 33.1 мянга нь өвчнөөр хорогдсон байна.

[Гэрэлтуяа] Малын гаралтай бүтээгдэхүүнүүд болох мах, сүүн бүтээгдэхүүнүүд, арьс шир, ноос ноолуурын үнийн богино хэмжээний өсөлтөөс болж малчид тухайн үед аль дайвар бүтээгдэхүүн илүү эрэлттэйг нь хөөж малаа ихээр өсгөх тохиолдлууд түгээмэл. Гэвч зах зээлийн эрэлтийг хангах хэмжээний нийлүүлэлтэд хүрээд л энэ бүтээгдэхүүнүүдийн үнэ, цэн, үүнээс олох ашиг буурч эхэлнэ. Жишээлбэл ноолуур үнэд орохын хараад малчид ноолуурын чиглэлээр ямаагаа их өсгөдөг, гэхдээ мал өсгөх тийм ч хурдан биш учраас ноолуурын нийлүүлэлт ихсэх үеэр эрэлт нь аль хэдийнээ буураад үнэ нь огцом буурах нь бий. Энэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нь малын тоог, улмаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг ихэсгэж, бэлчээрт учруулах ачааллыг нэмж, нөгөө талдаа малчдад эдийн засгийн хохирол учруулдаг.

Мөн малын ашиг шимээр үүсгэдэг нэмүү өртгийн төрөл нь манай улсад цөөхөн, хөнгөн үйлдвэрлэл буюу боловсруулах үйлдвэрлэл уналтад орсноос болоод мал аж ахуйн салбар голдуу түүхий эд худалдаалж, анхан шатны боловсруулалттай бүтээгдэхүүнүүд л үйлдвэрлэдэг учраас нэгж малаас хүртэх эдийн засгийн ашиг боломжит хэмжээнээс бага байгаа. Мөн бид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдээ стандартын дагуу, гарал үүслийн гэрчилгээтэйгээр, хариуцлагатай үйлдвэрлэл хийж чадахгүй байгаа нь уг салбарын эцсийн бүтээгдэхүүнүүд үнэгүйдэх бас нэгэн шалтгаан болж байна.

[Гэрэлтуяа] Үүнтэй холбоотойгоор малын тоо хэт ихсэх, бэлчээрийн даац хэтрэх нь хөрсний доройтол, цөлжилтөд хүргэх ба энэ нь мөн хүлэмжийн хийн ялгаруулалт ихсэхтэй холбогдоно. Хөрсний чанар муудаж, өвсний гарц багасвал уг газрын хүлэмжийн хийн шингээлт буурч, үүгээр зогсохгүй хөрсний дахин сэргэх хугацаа нь нэмэгдэж, яваандаа бүр огт сэргэхгүйгээр цөлжих нь байгалийн тэнцвэр алдагдах, зэрлэг ан амьтад, өвс ургамал ховордох зэргээр экосистемийг тэр чигээр нь өөрчилдөг.

[Гэрэлтуяа] Энэ өөрчлөлтүүд нь газар тариалангийн салбарт ч мөн нөлөөлж ургац алдах, газрын үржил шим багасахад хүргэж хүнсний аюулгүй байдлыг ганхуулах боломжтой. Мөн бэлчээр доройтож малчид шилжин нүүх шаардлагатай болж шинэ очих орон нутгийн бэлчээрт нэмэлт ачаалал үүсгэх, өөрсдөдөө нийгэм, эдийн засгийн эрсдэл үүсгэх, бэлчээрийн ашиглалтын маргаан гарах гэх мэт маш олон холбогдох асуудлуудыг энд дурдаж болж байна.

Мөн хөдөө аж ахуй дотроо мал аж ахуй, газар тариаланг холбодог нэг чухал зүйл бол малын тэжээлийн тариалалт юм. Тариаланчид малчдад өвөлжилт, хаваржилтад нь шаардлагатай хэмжээний тэжээлийг тариалж яг хэрэгтэй үед нь хүртээмжтэйгээр нийлүүлж чадахгүй, тэжээлийн хомсдол ган, зудтай жилд малчдад үүсэх, өвс ногооны гарц сайн жил маш их хэмжээний малын тэжээл илүүдэж үнэгүйдсэнээр тариаланчид хохирох гэх мэт эрэлт, нийлүүлэлтийн зөрүү гарах асуудал байдаг.

Аж үйлдвэрийн үйл явц болон хог хаягдлын салбар нь хөдөө аж ахуйтай харьцуулахад эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалтаараа бага ч гэсэн анхаарч үзэх асуудлуудтай. Жишээлбэл цемент үйлдвэрлэх шаардлага үргэлж бидэнд байдаг, гэвч цемент үйлдвэрлэх үйл явцын эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах тун төвөгтэй. Энэ мэтийн чухал хэрэгцээтэй гэхдээ хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах технологи одоогоор бүрэн судлагдаж хөгжүүлэгдэж нэвтрээгүй үйл явцуудыг нэгтгээд ерөнхийд нь бууруулахад хүндрэлтэй салбарууд гэж олон улсад нэрлэдэг.

  • [Irene] Цемент, химийн бодис болон нефт, гангийн үйлдвэрлэл гэсэн гурван үндсэн салбарыг хүлэмжийн хийн ялгаруулалтыг нь бууруулахад хүндрэлтэй салбарууд гэж нэрлэдэг ба Олон улсын эрчим хүчний агентлагийн (архив) 2021 оны тоогоор эд нар нь аж үйлдвэрийн нийт эрчим хүчний хэрэглээний бараг 60%, аж үйлдвэрийн эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалтын 70 орчим хувийг бүрдүүлдэг гэжээ.

[Гэрэлтуяа] Хог хаягдлын салбарын хувьд эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалтын ихэнх нь ил хогийн цэг дээр хаягдсан био буюу хүнсний хаягдлын ялзрах задрах явцад дэгддэг метан хий эзэлдэг. Бас нэг эх үүсвэр нь газрын тосноос гаргаж авдаг бүтээгдэхүүнүүд болох хуванцар, резин, машины дугуй, техникийн тос, тосолгоог ил хогийн цэг дээр шатаах үед нүүрсхүчлийн хий ихээр ялгардаг нь. Гэтэл манай улсын хувьд хог хаягдлын менежмент муу, ил хогийн цэгийг уул уулаар нь үүсгэсээр, хогоо зайлуулахдаа ил шатаасаар л байна. Энэ хог хаягдлын буруу менежмент нь зөвхөн хүлэмжийн хий ялгаруулахаас гадна орчны бохирдлыг гадаргын болон гүний ус, хөрс, агаарт үүсгэж улмаар хүн, ургамал, амьтны эрүүл мэнд, бүхэл бүтэн экосистемийг ноцтойгоор гэмтээж байдаг. Үүнээс гадна сүүлийн үед хамгийн хурдацтайгаар нэмэгдэж буй электрон хог хаягдлаар дамжуулж байгальд ховор алт, зэс гэх мэт элементүүдийг дахин ашиглахгүйгээр хөсөр хаяж байгаа нь эдийн засгийн хувьд алдагдалтай. Мөн хог хаягдлыг үүсгэж буй хүмүүс бидний хэрэглээний зан төлөв, аж үйлдвэрлэлийн хог хаягдлын менежментийн хариуцлагатай байдлаас хүлэмжийн хийн ялгаруулалт болон байгаль орчин, нийгэм, эдийн засагт учруулах сөрөг нөлөө хамаарна.

  • [Irene] Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын бүтцийн судалгааны (архив) үр дүнгээс харахад 2007 онд улсын хэмжээнд нийт айл өрхийн хог хаягдлын 20.7%, 2014 онд 47% нь хүнсний хог хаягдал байсан бол 2019 онд нийслэлийн хэмжээнд өрхийн энгийн хог хаягдлын 30.4% нь хүнсний хог хаягдал байжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг Хатуу хог хаягдлын дансны (архив) мэдээллээр 2021 оны энгийн хог хаягдал нийт 2.4 сая тонн байснаас дахин боловсруулсан хог хаягдал 186.8 мянган тонн гэж бүртгэгджээ. Эндээс харвал 2021 онд энгийн хог хаягдлын зөвхөн 7.7%-ийг нь л дахин боловсруулсан байна. Энэ дахин боловсруулсан хог хаягдлын 12.4 мянган тонн нь хүнсний хог хаягдал байсан гэдэг нь хүнсний хог хаягдал нь дахин боловсруулсан хаягдлын 6%-ийг нь л эзэлж байна.

[Гэрэлтуяа] Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хог хаягдлын эдгээр салбаруудад хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тал дээр гардаг дээр дурдсан сорилтуудыг шийдэж зохицуулах ёстой засаглалын тогтолцоонд мөн асуудал бий. Жишээлбэл манай улсын одоо баримталж буй малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэх бодлого хөрсөн дээрээ бууж, малчдын амьжиргааг алдагдуулахгүй байдлаар хэрэгжихгүй байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн эдийн засгийн эргэлт зарим нэг том тоглогчдын монополчлол, ченжүүд буюу дундын тоглогчдын зарим талаараа ёс зүйгүй практикуудаас болж асуудлуудыг улам хүндрүүлдэг. Мөн эрх зүйн орчин нөхцөл байдлаа дагаж хангалттай хурдтайгаар өөрчлөгдөж чаддаггүй нь бас түгээмэл, гэхдээ ойлгож болохоор асуудал юм. Салбарын хүний нөөцийн хувьд ялангуяа мал аж ахуй дээр илүү илэрдэг ба малчдын хүйсийн тэнцвэргүй хөдөлмөрийн хуваарилалт, малын үржил селекц, удмын сангийн мэргэжилтнүүд, малын эмч нарын хомсдол зэргээс харагдана.

Шийдэл

[Гэрэлтуяа] Одоо ярьсан бүх зүйлээ дүгнэвэл эрчим хүчний бус эдгээр салбарын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулахын тулд юу хийгдэх боломжтой байна вэ? Итгэл найдвар юунд байна?

Арга зам

[Сайнсанаа] Сая тодорхойлсон асуудлуудыг шийдэхэд дараах аргуудыг ашиглах боломжтой санагдлаа. Хөдөө аж ахуйн салбарын хувьд дараах арга замууд байна.

  • Юуны өмнө зөвхөн малын тоо толгойг нэмэгдүүлснийг урамшуулах энэхүү нийгмийн хөшүүргийг нийгмээрээ дахиж сайтар тунгаагаад шинэчлэн томьёолох шаардлага үнэхээр бий болжээ.
  • Үүний дараа малчид малаа өөрсдийн хөрөнгө гэдгийг дахин санаж, бизнес эрхлэгчидтэй ижил зах зээлийн зарчмаар ажиллах буюу мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн судалгааг сайн хийж, зах зээлийн мэдрэмжээ сайжруулж, үүн дээр үндэслэн өөрт ашигтай байдлаар бусдад хэрэгтэй үнэтэй бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийг эрэлхийлэх. Ялангуяа энэ нь манайд байгаа хоршооллын тогтолцоог ашиглаж бодит болох боломжтой. Мөн үүнтэй адил тариаланчид малчдын хэрэгцээ шаардлагыг судалж, ажиглалт дээрээ үндэслээд тэжээлийн тариалалтаа хийж нийлүүлэх нь малчдад малын тэжээл хомсдохгүй болон тариаланчдад өөрсдөд нь илүү тэжээл буруу цагтаа нийлүүлж зарлага гаргах эрсдэл үүсэхгүй гэх зэрэг ашигтай байна.
  • Түүнчлэн нэгж малын ашиг шимээр илүү их үнэ цэнийг үүсгэж малын гаралтай бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх олон төрлийн арга барил ашиглах, үүн дээр нэмээд хөдөө аж ахуйн салбарт байгаа хөнгөн үйлдвэрлэлийн хоосон орон зайг бизнес эрхлэгчид гярхайгаар анзаарч нөхөж байж мал аж ахуйн салбар нь зөвхөн түүхий эдийн эрэлтээс хамааралтай байхаа больж болно.
  • Нэмээд малын тоо толгойг бэлчээрийн даацаас гадна, хүлэмжийн хийн ялгаруулалт, цөлжилт, биологийн олон янз байдлыг бодолцож зохицуулах хэрэгтэй. Зөвхөн одоог харвал ядаж малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна.

Аж үйлдвэрийн салбарт хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах технологи нь үйлдвэрлэлийн салбар бүрээс хамаарч янз бүр буюу үнэтэй, хямд ямар ч байж болно. Хямд байх тохиолдолд энэ арга шийдлийг шууд нэвтрүүлж ашиглах нь бизнес эрхлэгчдийн хувьд давуу тал болох нь гарцаагүй. Гэхдээ аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний бус хүлэмжийн хийг бууруулахад дэлхий дахинд инновац шаардагдаж байгаа нь үнэн. Иймд энэ хэрэгцээ шаардлагыг ашиглаж өөрсдийн инновацыг шингээсэн хүлэмжийн хийн бага ялгаруулалттай ижил төрлийн бүтээгдэхүүнийг хийж гаргаж чадвал олон улсын зах зээлд төвөггүй нэвтрэх, патентаа зарах зэргээр бусад улсын өрсөлдөгчдөөсөө илүү давуу тал олох боломж нь бүрэн байна. Хамгийн гол нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөгт болж өгвөл байгаль орчны болон нийгмийн зардлыг оролцуулж тооцсон бодит өртөг дээр үндэслэн үйлдвэрлэл эрхлэх нь урт хугацаандаа тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Хог хаягдлын салбарын хувьд бидний хамгийн хүсэж буй гол зүйл бол хатуу болон шингэн хогийг байгальд ул мөр үлдээхгүй байхаар зохицуулах. Хог хаягдлын асуудал өмнө дурдсанаар хүлэмжийн хий ялгаруулдаг, агаар, ус, орчны бохирдол үүсгэдгээс гадна нянгийн халдвар, өвчин авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд био хог хаягдлыг ашиглаж дахин боловсруулж бордоо болгох, мөн бусад дахин боловсруулах, ашиглах боломжтой хаягдлууд болох хөнгөн цагаан, шил, хуванцар, тос зэргийг ангилан ялгаж, оновчтой, ашигтай менежментийг хог хаягдлыг ангилах, цуглуулах, үйлдвэрлэх дамжлагуудад хэрэгжүүлэх нь чухал байна. Мөн нэгэнт малтмал түлш ашиглан ялгаруулсан хогийг түлш болгон шатаах аргаар ашиглаж цахилгаан үйлдвэрлэж хог хаягдлын менежмент болоод эрчим хүчний эх үүсгүүр болгон нэмэх боломжууд байгааг бид дэмжих хэрэгтэй байх. Бид хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, бид бүгд хязгааргүй хэрэглээгээ хариуцлагатай хэрэглээ болгож, худалдан авалтынхаа давуу, сул талыг бодож тунгааж байж хийдэг байгаасай гэж хүсэж байна.

Хамгийн сүүлд нь сая дурдсан ажлуудыг бодит болгоход тогтвортой засаглалтай байж урт хугацааны, судалгаан дээр суурилсан бодлогыг хяналттайгаар хэрэгжүүлэх нь зайлшгүй хэрэг юм.

Боломж

[Irene] Одоо би дурдагдсан арга замуудаас нь аль аль нь яг одоо бас яагаад боломжтой байгааг ярья. Үндэсний статистикийн хорооны 2024 оны тоогоор (архив) улсын дүнгээр давхардсан тоогоор 4.8 сая гаруй интернет хэрэглэгч байгаа нь манай улсад интернет өндөр нэвтрэлттэй, мэдээллийг хэн ч олж авах боломжтой болсныг харуулж байна. Сүүлийн 25 жилд интернет хэрэглэгчдийн тоо 1000 дахин өссөний хэргийг гаргах хэрэгтэй шүү дээ. Ийм боломжийг малчид, тариаланчид, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс ашиглаж зах зээлийн судалгаа хийж, бүтээгдэхүүн, шийдлээ сурталчилж, бизнес эрхлэх чадвараа сайжруулах нь яг одоо бүрэн нээлттэй байна.

Бэлчээрийн даацад нийцүүлж малын тоо толгойг зохицуулах, эдийн засгийн хурдан эргэлтэд оруулах, малыг тооноос чанарт гэсэн чиглэлд манай улс нэгэнт ажиллаад эхэлсэн байгаа. Энэ нь байгалийн хязгаарлагдмал нөөц болох газар нутаг, бэлчээр, өвс ногоо, усыг ухаантайгаар ашиглаж эхлээд эдийн засгийн ашиг үүсгэж, гэхдээ зөвхөн энэ ашигт төвлөрөхгүйгээр энэний нийгэм дэх нөлөөлөл, цаашлаад хамгийн удаан хугацаанд үлдэх буюу байгаль орчин дахь нөлөөллийг бас бодолцдог болсон нь тун авууштай. Дэлхий нийтээрээ одоо social solidarity economy (архив) гээд эдийн засгийн өсөлтийг нийгмийн сайн сайхан байдал дотор багтааж үздэг тэгээд энийг байгаль орчны тогтвортой байдалд цааш нь агуулж тооцдог эдийн засгийн загвар руу шилжиж байна. Тэгээд эндээс харахад бид нар ч гэсэн энэ шилжилтийг алдалгүй дэлхийтэйгээ хөл нийлүүлэн үзэл баримтлалаа шинэчлэх боломж байна.

Одоо хүлэмжийн хийн ялгаруулалт багатай технологийн судалгаа, инновацын сул орон зай байгаад анхаарлаа хандуулцгаая. Мэдээж энэ талбарт манай урд хөрш гээд том тоглогчид байгаа ч гэсэн бид нар энэ шинэ зах зээлийн цонх нээлттэй байгаа дээр нь зөвхөн хэрэглэгч, импортлогч биш бас мэдлэг бүтээгч экспортлогч болох боломж байсаар байгааг санацгаая. Засаглалын хувьд манай улсын бодлогын чиглэл ирэх 10 жилээр шинэчлэгдэж саяхан гарсан. Өмнө нь дурдсан NDC 3.0 дээр эрчим хүчний бус салбаруудын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах махны дотоодын болон экспортын нийлүүлэлтийг ихэсгэх, малын үүлдэр угсааг сайжруулах замаар ашиг шимийг сайжруулах чиглэлүүд илүү тодорсон. Энэ чиглэлийг бид нар шинэ боломж гэж авч үзээд малын эдийн засгийн эргэлтийг үр ашигтайгаар түргэсгэх, нэгж малын ашиг шимийг ихэсгэхтэй холбоотой бизнесийн экосистемийн бүх оролцогчдыг идэвхжүүлэх бас дахиад нэг боломж байгаа.

  • Жишээлбэл, малын гарал үүслийг илүү ухаантайгаар, найдвартайгаар тодорхойлох дижитал шийдэл үүсгэх, малчдад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, малын тэжээлийг метан бага ялгаруулдаг, эсвэл илүү чийрэгжүүлдэг байдлаар үйлдвэрлэх гээд зөндөө олон бизнесийн боломж энд байна.

Хамгийн сүүлд хэлэхэд манай улс ирэх жил буюу 2026 оны 8-р сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17-р бага хурал буюу UNCCD COP17 (архив) олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ хуралд конвенцод нэгдэн орсон 197 талын элч, төлөөлөгчид ирж оролцох гэж байгаа. Энэ хурлыг манай улс зохион байгуулж байгаа нь цөлжилт, мөн уур амьсгалын өөрчлөлтийн талбарт ч гэсэн манлайлал үзүүлж байгаа маш сайн хэрэг юм. Дээрээс нь Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (архив) болгон тэмдэглэх болсон нь бид өөрийн улсын болон бидэнтэй ижил нөхцөл байдалтай улсуудад тулгардаг асуудлуудад дэлхийн анхаарлыг хандуулсан бахархмаар үйл явдал болох гэж байна.

Сэдэл

[Гэрэлтуяа] Өмнө дурдсан хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон хог хаягдлын салбаруудын эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шийдлүүдийг мөн сая тайлбарласан боломжуудыг үндэслэн цаг алдалгүй хэрэгжүүлэх нь бидэнд улс үндэстний маань хувьд дараах ач холбогдлуудтай.

Мэдээлэл холбооны технологийг сая хэлснээр сайн ашиглаж чадвал бид жинхэнэ дижитал нүүдэлчид болох нь. Байгалийн нөөцөө ухаалгаар ашиглаж эдийн засаг, нийгмийн өндөр үр ашгийг байгальдаа ээлтэйгээр бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж чадвал бид тогтвортой нүүдэлчид болох нь. Ирэх жил болох цөлжилтийн эсрэг COP17-г маш сайн, дэлхийн стандартад нийцсэн байдлаар зохион байгуулж чадсанаар бид манлайлагч нүүдэлчид болох нь. Энэ гурван төрлийн нүүдэлчдийн төсөөллийг бид сүүлийн жилүүдэд бол идэвхтэй ярилцаж байгаа.

Харин бидний подкастынхаа энэ дугаараар шинээр танилцуулж байгаа нүүдэлчдийн хоёр шинэ боломжит дүр байна. Эхнийх нь дээр дурдсан мал аж ахуй, газар тариалангийн шинэ чиглэлтэй холбоотой болон өмнө нь байсан бизнесийн боломжуудыг бүрэн ашиглаж чадвал бид энтрепренер нүүдэлчид болох боломжтой. Хоёрдугаарт бид аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах технологийн судалгаа, хөгжилд гар бие оролцож чадвал мэдлэг экспортлогч нүүдэлчид болох маш сэтгэл хөдөлгөм боломж байна.

Тэгэхээр манай Монгол Улс яагаад өнөө үед дижитал, тогтвортой, манлайлагч, энтрепренер, мэдлэг экспортлогч нүүдэлчдийн эх орон болж болохгүй гэж?

[Сайнсанаа] Үүгээр “Хүлэмжийн дараа” подкастын маань эрчим хүчний бус хүлэмжийн хийн ялгаруулалт буюу хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хог хаягдлын салбаруудын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад төвлөрсөн анги ийнхүү дууслаа. Дараа дараагийн ангиудаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бусад салбаруудын нөхцөл байдал, асуудал, шийдлийг үргэлжлүүлэн мэдээллийг судалгаан дээр үндэслэн хүргэх болно.

Видео хувилбар

© 2020-2025 Ногоон цэг уур амьсгал НҮТББ (Green Dot Climate NGO)