Энэхүү нийтлэлийг Хүлэмжийн дараа: уур амьсгалын өөрчлөлтийн подкастын 1-р улирал төслийн хүрээнд бэлтгэв.
Мэдэгдэл
Хүлэмжийн дараа подкастын 1-р улирлыг Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд бүтээв. Үүнд тусгагдсан агуулга нь зөвхөн Ногоон цэг уур амьсгал НҮТББ-ын хариуцлага бөгөөд Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон GIZ-ийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно.
Хөтлөгчид
- Б.Гэрэлтуяа, Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, математикч, хиймэл оюун, их өгөгдлийн инженер
- А.Сайнсанаа, Эрчим хүч ба хүрээлэн буй орчны менежмент (MEng), Хүрээлэн буй орчны инженер (BSc)
- Irene, Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, график артист, уур амьсгалын активист
Аудио хувилбар
Судалгаа
[Сайнсанаа] Яагаад бид подкастаараа уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярьж байгаа вэ? Уур амьсгалын өөрчлөлт гэж ер нь юуг хэлээд байна вэ?
[Irene] NASA-гаас жил болгон шинэчилж гаргадаг дэлхийн дундаж температур яаж өсөж байгаа бичлэгийг үзэж байсан уу? Би тэр бичлэгийг үзэх болгондоо дэлхий хэр огцом өөрчлөгдөж байгааг хараад бүр дахин дахин цочирддог. Нэг ийм үлгэр байдаг шүү дээ. Тогоон дотор байгаа мэлхий өөрийгөө аажмаар халж байгаа усан дотор байгаагаа мэдэхгүй байж байгаад яваандаа буцлаад үхчихдэг. Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд яг л энэ үлгэр шиг, аажмаар гэхдээ огцом өөрчлөлтийг мэдрүүлж байгаа. Би багадаа зуны амралт болгоноороо өвөө эмээ дээрээ хөдөө очиж, тугал хариулж өссөн. Тэгэхэд ажигласан зүйлс гэвэл жилээс жилд байгаль маш ихээр доройтож, малчдын хэдэн үеэрээ нутаглаж ирсэн газар өвсгүй болоод, ус нь ширгээд, тэрнээс болоод айлууд цагаасаа өмнө намаржаа, өвөлжөөндөө буухаас эхлүүлээд бүр хамаг малаа зудад алдах, өөр аймаг, хот руу нүүж шал өөр ажил хайхад хүрч байсан.
Уур амьсгалын өөрчлөлтийг судалж эхэлснээс хойш энэ ажиглаад байсан зүйлс маань уур амьсгалын өөрчлөлттэй тодорхой хэмжээгээр холбоотой юм байна; бас зөвхөн хөдөө ч гэлтгүй хотуудад хүртэл урьд өмнө байгаагүй хүчтэй үер, хэт халууны давлагаа, хэт хүйтэн өвөл болох, жилийн 4 улирал өмнөх шигээ ээлжлэхээ болих гэх мэт олон шинж тэмдгээр уур амьсгалын өөрчлөлт мэдрэгддэгийг ойлгосон. Тэгээд энэ асуудлыг үнэхээр үгүйсгэж, үл тоомсорлож болохгүй юм байна гэж боддог болсноос хойш уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэе, тэгэхдээ шинжлэх ухаан, баттай тоо баримтад тулгуурлая, бас зөвхөн асуудлыг гэлтгүй шийдлийг санал болгоё гээд энэ подкастыг бид нар бэлтгэж байгаа.
Тэгэхээр одоо подкастын туршид ашиглах нэршлүүдээ маш энгийнээр тайлбарлая.
- Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь агаарын температурын болон цаг агаарын ердийн хэв маягийн урт хугацааны буюу дор хаяж 30 жил, цаашлаад хэдэн зуун мянган жилийн, бүр хэдэн сая жилийн турш дахь өөрчлөлтийг хэлж байгаа. Тухайн газар нутгийн уур амьсгалд улирлын температур, хуурайшилт, шуурганы хүч зэрэг олон олон үзүүлэлт багтдаг бөгөөд газар бүрд өөр өөр байдаг.
- Дэлхий бүх энергиэ нарнаас авдаг, тэгээд дэлхийн температур энергийн тэнцвэрээс шууд хамааралтай байдаг. Энергийн тэнцвэр нь энгийнээр, дэлхий рүү орж ирсэн энерги гарч явсан энергитэй тэнцүү байна гэсэн үг. Гэтэл хүн төрөлхтөн аж үйлдвэржиж эхэлсэн сүүлийн хэдхэн зуун жилд дэлхийн энергийн тэнцвэр хүний нөлөөтэйгөөр маш их алдагдсан, тэгээд үүний шалтгаан нь хүлэмжийн нөлөө.
- Хүлэмжийн нөлөө гэдэг нь дэлхийн агаар мандал дахь хий дулааныг өөртөө шингээж гадагш гаргахгүй түгжих үзэгдлийг хэлж байгаа юм. Энэ хүлэмжийн нөлөөний гол шалтгаан нь аж үйлдвэржилтээс хойш хүмүүс бидний маш ихээр дэгдээж байгаа хүлэмжийн хийнүүд юм.
- Жишээлбэл хүлэмжийн хийн нэг төрөл болох нүүрсхүчлийн хий дэгдэхдээ - хэдэн зуун жилээр агаар мандалд үлдээд тэндэх бусад хийнүүдтэй харилцан үйлчилж, нарнаас ирж байгаа дулааныг дэлхий рүү оруулдаг хэр нь буцааж ойлгож гаргахгүй түгждэг юм байна. Нүүрсхүчлийн хийнээс гадна метан, азотлог исэл, усны уур гээд олон хүлэмжийн хий байдгаас бидний хамгийн ихээр анхаарч ярилцах нь нүүрсхүчлийн хий болон метан.
Хүний үйл ажиллагаа, ялангуяа нүүрс, газрын тос, байгалийн хий гэх мэт малтмал чулуужсан түлшийг эрчим хүч болгож шатаах нь агаар дахь хүлэмжийн хийн агууламжийг сүүлийн гурван сая жилд байгаагүй өндөр хэмжээнд хүргэсэн. Үүнийг бид яаж мэдэж байгаа вэ гэхээр - уур амьсгалын судлаачид далайн дор он удаан жил хөлдсөн мөсийг гүн цооног ухаж гаргаж аваад - тэр мөсөнд түгжигдсэн агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламжийг хэмжиж үзээд мэдсэн. Дэлхий дахинд эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын дараа хөдөө аж ахуй, ойн аж ахуй, газар ашиглалтын өөрчлөлт, аж үйлдвэр, барилга байгууламжид хэрэглэгддэг эрчим хүч зэрэг эдийн засгийн салбарууд уур амьсгалыг хамгийн их өөрчилж байгаа. Энэ салбаруудын хувьд Монгол Улстай хамгийн хамаатайг нь бид подкастын дугааруудаараа задлан ярилцах болно.
[Гэрэлтуяа] Одоо би Irene-ийн өгсөн хариултад хамгийн хамаатай тоо баримтуудыг Цаг уур, орчны шинжилгээний газрын Уур амьсгалын үйлчилгээний системээр дамжуулан гаргасан Монгол Улсын 2024 оны уур амьсгалын жилийн тоймоос (архив) түүвэрлэн танилцуулах гэж байна.
- Монгол орны жилийн дундаж агаарын температур 2024 онд Цельсийн 1.9 градус байсан ба үүнийг 1961-1990 оны 30 жилийн дундажтай харьцуулахад 2.5 градусаар дулаан байжээ. Тэгэхээр 2024 он бол 1940 оноос хойших бүх жилүүдээс дунджаараа 2 дахь дулаан жил болж өнгөрсөн байна.
- Жилийн дундаж температурын орон зайн тархалтыг харвал говийн бүс нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор 6.1-ээс 10 градусаар дулаан, тал хээрийн бүс нутгаар болон Их нууруудын хотгор орчмоор 3.1-ээс 6 градусаар дулаан, Хөвсгөлийн өндөр уулс, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар 3-аас 5.7 градусаар хүйтэн, харин бусад нутгаар 2.9 орчим градусын хүйтэн, дулааны хэлбэлзэлтэй байсан байна.
- Энэ баримтуудаас Монгол орны агаарын температур ерөнхий дүнгээрээ дулаарч байгаа боловч уг дулаарал газар бүрд ижил байдлаар илрэхгүй, харин хүйтэн газар илүү хүйтрээд, халуун газар илүү дулаарч эрс тэс нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэж дүгнэж болно. Жишээлбэл 2024 онд температурын үнэмлэхүй их, бага утгуудыг дурдвал Баянхонгорын Эхийнголд агаарт Цельсийн 40.8 градус, Cүхбаатар аймгийн Баяндэлгэрт хөрсөн дээр 71 градус хүрч халсан бол үнэмлэхүй бага утга Завханы Отгон суманд агаарт хасах 48.8 градус, хөрсөн дээр хасах 50 градус хүрч хүйтэрсэн байна.
- Харин хур тунадасны хувьд Монгол орноор дунджилсан 2024 оны жилийн нийлбэр хур тунадас 280.6 мм буюу 1940 оноос хойш тохиолдсон 6 дахь ахиу хур тунадастай жил болж өнгөрчээ.
- 2024 онд улсын хэмжээнд 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсноос аюултай үзэгдэл 95 удаа, гамшигт үзэгдэл 13 удаа болж үүний улмаас 3 хүн амь насаа алдаж, 3 сая гаруй толгой мал хорогдож, 108 гэр нурж, 374 хашаа эвдэрч, улсын чанартай авто зам, гүүр, барилгын дээвэр, эрчим хүчний шон, авто машины шил, 3 га тариалангийн талбай өртсөн бөгөөд нийт 3 тэрбум 27 сая гаруй төгрөгийн шууд хохирол учруулсан байна. Ойн хээрийн түймэр 137 удаа бүртгэгдэж нийт 1 тэрбум 674 сая гаруй төгрөгийн шууд хохирол учруулсан байна.
Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт бол биднээс хол биш харин ч бүр гэрт ороод ирсэн, бидний амьдралд бодит хохирол их хэмжээгээр учруулах болсон асуудал гэдгийг бид ойлгож авлаа. Одоо бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том шалтгаан гэж түрүүн тайлбарласан хүлэмжийн хийн ялгаруулалтын тоо хэмжээн дээр харьцуулалт хийцгээе. Хүлэмжийн хийн ялгаруулалтын тооцоолол янз бүрийн аргачлалаар хийгддэг учраас харьцуулалт хийхийн тулд хэдүүлээ энэ удаад World Emissions Clock-оос гаргасан тооцооллыг авч ашиглана.
- Эхний тоо - 2024 онд дэлхий нийтээрээ 60.1 тэрбум тонн CO2-той дүйцэх хэмжээний хүлэмжийн хий ялгаруулсны 123.4 сая тонныг буюу 0.2 хувийг нь Монгол Улс ялгаруулжээ. Хүлэмжийн хийнүүд нь дотроо олон төрөл байдаг болохоор хэмжээг нь нэгдсэн байдлаар тооцоолохдоо өөр өөр хийнүүдийг CO2 буюу нүүрсхүчлийн хийтэй дүйцүүлсэн нэгжийг ашиглан нэмдэг гэдгийг энд бас дурдъя.
- Дараагийн тоо - аж үйлдвэржилт эрчимтэй өрнөсөн 1850 оноос хойших нийт хуримтлагдсан дүнгээр дэлхий нийтдээ 3289.9 тэрбум тонн CO2-той дүйцэх хэмжээний хүлэмжийн хий ялгаруулжээ. Үүний 3.1 тэрбум тонныг Монгол Улс ялгаруулсан ба энэ нь бид түүхэндээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 0.09 хувийг ялгаруулсан гэсэн үг.
- Бидний нийт ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээ бусад улсуудтай харьцуулахад үнэндээ бага. Гэхдээ 2024 оны байдлаар нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт дэлхийн дунджаар 7.5 тонн байхад Монгол Улсын нэг иргэн дунджаар 37.1 тонн CO2-той дүйцэх хэмжээний хүлэмжийн хий ялгаруулсан байна. Энэ үзүүлэлт нь Монгол Улсыг хүлэмжийн хийн өндөр ялгаруулалттай улсын ангилалд багтааж байна.
[Гэрэлтуяа] Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихад манай улсын хувьд хамгийн эхэнд яригдах хоёр салбар бол эрчим хүч, болон хөдөө аж ахуй юм байна. Одоо бүгдээрээ өнөөдрийн сэдэв болох эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний өнөөгийн нөхцөл байдалтай танилцъя.
[Сайнсанаа] Сая дурдсанчлан сүүлийн 150 жилийн аж үйлдвэржилт, хүний үйл ажиллагаанаас хамаараад 100 жилд нэг болдог байсан гамшгууд олон давтамжтайгаар болж бидэнд нөлөөлөөд байгаа юм. Монголын 1940 оноос хойших 2 дахь хамгийн халуун жил нь 2024 он болсноор энэ нөлөөлөл улам л баталгаажсаар байна.
Физик утгаар эрчим хүчний хамгийн энгийн тодорхойлолт нь “Эрчим хүч гэдэг нь ажил хийх буюу өөрчлөлт хийх чадвар бөгөөд дотроо кинетик, потенциал, дулаан, болон химийн эрчим хүч зэрэг олон янзтай байдаг”. Үүнийг бид нар одоогийн байдлаар юунаас гаргаж авч байгаа вэ гэвэл сэргээгдэшгүй нөөцүүд болох нүүрс, газрын тос, байгалийн хий болоод цөмийн эрчим хүч, сэргээгдэх боломжтой нар, салхи, газрын дулаан, биомасс буюу ургамал, өтөг бууц цаашаагаа гэвэл ус төрөгч, далайн давлагаа зэрэг эрчим хүчний эх үүсвэрүүдээс гаргаж авч байна.
Тэгвэл бид эрчим хүчийг юунд хэрэглээд байна вэ гэхээр, унтахаасаа эхлээд нүүрсээ түлж дулаан гаргана. Төвлөрсөн сүлжээнд холбогдсон айлууд бол усан халаалтаа хэрэглэнэ. Ингээд өглөө босоод гэрлээ асаагаад 00 орохдоо сахлын машин зэрэг цахилгаан хэрэгслүүдээ ашиглана, цайгаа чанахдаа газаар, цахилгаанаар, эсвэл гал түлж усаа буцалгана. Тэгээд гараад ажилдаа явахдаа машиндаа цахилгаан эсвэл бензин хийнэ гэх мэтчилэн өдөр тутамдаа бид эрчим хүч зарцуулахгүй амьдарна гэдэг боломжгүй. Тэгэхээр эрчим хүч нь цахилгаан, дулаан, шаталт буюу газ, бензин, азот зэрэг олон бүтээгдэхүүнээр дамжин олон хэлбэрээр ашиглагдаж байна. Тэгэхээр эрчим хүчний хэрэглээний салбарт айл өрхийн, аж ахуй нэгжийн, үйлдвэрлэлийн, тээврийн хэрэглээ хамаарч байгаа юм.
- Тээврийн эрчим хүчний хэрэглээг бүрэн задалж авч үзвэл хүн тээвэр, ачаа тээвэр болох машин, мотоцикл, автобус, галт тэрэг, онгоц, бага хэмжээний ч гэсэн усан тээвэр болох моторт завь зэргийг багтааж болно. Уг тээврийн салбарын хэрэглээг бид дизель, бензин, газ, цахилгаан, hybrid буюу цахилгаан бензин холимог байдлаар, онгоцны түлшийг керосиноор, галт тэрэгний дулааны хэрэгцээг нүүрснээс бүрдүүлж байна.
- Барилгын эрчим хүчний хэрэглээ буюу айл өрх болоод энгийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын хэрэглээний ихэнх нь цахилгаан болон дулаантай холбоотой байдаг ч өөр тооцоонд ордоггүй нэмэлт хэрэглээнүүд олон байдаг. Жишээлбэл айлууд хоол хийхдээ газ ашиглах, төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй айлууд маань дулааны хэрэглээгээ нүүрс түлж хангах гэх мэт.
- Аж үйлдвэр буюу нүүрс баяжуулах, цемент үйлдвэрлэх зэрэг нь мэдээж энгийн хэрэглээнээс их хэмжээгээр аливаа эрчим хүчийг зарцуулна. Үүний эх үүсвэр нь мөн л нүүрс, газ, бензин зэрэг малтмал чулуужсан түлш байх ба эд нар нь цахилгаан, дулааны эрчим хүч болж олон байдлаар ашиглагдана.
Энэ хэрэглээг импортоор худалдаж авсан, дотооддоо үйлдвэрлэсэн эрчим хүчний эх үүсвэрүүдтэй Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын 2024 оны Статистикийн эмхэтгэл (архив) дэх тоог үндэслэн харьцуулж харах юм бол бид 70%-ийг нь нүүрснээс, 26%-ийг газрын тосноос хангаж байна.
- Харин Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан Эрчим хүчний 2024 оны статистик үзүүлэлтүүдээс (архив) харахад цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 9.4%-ийг сэргээгдэх нөөцөөр үйлдвэрлэж хангасан байна.
- Бусад эрчим хүчний хэрэглээ болох дулааны хэрэглээ, нүүрс, сайжруулсан шахмал түлш, шингэрүүлсэн хий, бензин, дизель, керосины шууд хэрэглээтэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний эзлэх хувь бараг 18-20% гэж тооцоолж болно. Миний хувьд энэ тоог мастерынхаа ажлаар нийтэд нээлттэй датаг ашиглан эрчим хүчний нийлүүлэлтийг хэрэглээтэй харьцуулан хөгжүүлсэн модель дээрээ үндэслэн тооцоолсон болно. Ингэж модель хийснээрээ аль салбарт ямар дата дутуу, зөрүүтэй байна гэх зэрэг нарийвчилсан мэдээллийг гаргах боломжтой болж байгаа юм.
Үүн дээр нэмээд бид нөхөн сэргээгдэшгүй нөөцөөр эрчим хүч гаргаж авахдаа орчны бохирдлыг ихээр үүсгэдэг. Улаанбаатар хот гэх мэт хүн ам ихээр төвлөрсөн суурин газруудын агаарын бохирдлын голлох шалтгаан нь нүүрс шатаахтай холбоотой. 2018 онд Азийн хөгжлийн банкнаас авсан 130 сая ам.долларын зээлээр (архив) санхүүжсэн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийн төслийн үндэслэлд дурдсанаар “Гэр хороололд дийлэнх айл өрх амьдарч буй байшин сууцаа халаах, хоол унд бэлтгэхийн тулд түүхий нүүрс, нэн ядуу өрхүүд хатуу хог хаягдал түлдэг. Улсын ба хувийн эзэмшлийн барилгууд хорт бодис ялгаруулалт ихтэй, үр ашиг багатай, нүүрсээр ажилладаг нам даралтын зуухнууд ашигладаг. Бохирдуулалт ихтэй эдгээр эрчим хүчний үүсгүүр нь агаарын бохирдлын хамгийн том эх үүсвэр болж хотыг тэр чигээр нь бохирдуулдаг бөгөөд орчны агаар дахь 2.5 микрометр тоосонцрын агууламжийн 80 хүртэл хувийг бүрдүүлдэг гэсэн тооцоо байна”.
- Харин 2024 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан Хүний хөгжлийн үндэсний баримт бичигт (архив) байсан бас нэг анхаарах тоо бол 2022 оны байдлаар Монгол Улсын орчны агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн эдийн засгийн хохирол 1 тэрбум 150 сая ам.доллар болсон буюу энэ нь манай ДНБ-ий 8%-д (архив) хүрсэн байдал юм.
- Гэхдээ агаарын бохирдлоос гадна нүүрс гэх мэт чулуужсан түлш шатаахаас үүсдэг бас нэг ноцтой асуудал нь бидний их хэмжээгээр ялгаруулж буй хүлэмжийн хий, үүний уур амьсгалын өөрчлөлт дэх нөлөө. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын газарт манай улсын 2024 онд илгээсэн Үндэсний 4-р тайлан илтгэл (архив) дэх 2020 оны тоогоор эрчим хүчний салбар нь манай улсын нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 44.78%-ийг эзэлж байна. Энэ хүлэмжийн хийн хамгийн ихийг нь нүүрснээс эрчим хүч гаргадаг дулааны цахилгаан станцууд ялгаруулдаг байна.
Нэмэлтээр эрчим хүчний системийн бусад улсаас хамааралтай байдал гэдэг нэг асуудлыг энд хөндмөөр санагдлаа. Өмнө дурдсан Эрчим хүчний 2024 оны статистик үзүүлэлтүүдээс харахад бид ашиглаж байгаа цахилгаан эрчим хүчнийхээ 24.6%-ийг нь импортоор авч байгаа, мөн тээврийн салбарт хэрэглэгддэг бензин дизелийн хувьд импортоос шууд хамааралтай байгаа. Энэ байдал нь сая дурдсан салбаруудад бидний гаргах шийдвэр хөрш улсуудаасаа шууд эсвэл өндөр хамааралтай байх шалтгаан болж асуудал үүсгэсээр байна.
[Irene] Бид нар сая манай улсын эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.
- Дүгнээд хэлэх юм бол нэгдүгээрт, бид эрчим хүчийг ихэнхдээ дахин сэргээгдэхгүй, шавхагдах байгалийн нөөцүүд болох нүүрс, дизель зэргээс гаргаж авдаг юм байна, үүнийг малтмал чулуужсан түлшний өндөр хамаарал гэж хэлж болно. Энэ бол эдийн засагтай холбогдох асуудал.
- Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний бараг дөрөвний нэгийг, тээврийн салбарт хэрэгтэй түлшнүүдийг бараг бүгдийг нь гаднаас импортолж оруулж ирж ашигладаг, энэ нь бид амин чухал хэрэглээгээ хангахдаа гадаад улсуудаас, ерөөсөө хөрш улсуудаасаа маш өндөр хамааралтай байна гэсэн үг. Энэ бол манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал.
- Гуравдугаарт, хот суурин газруудад малтмал чулуужсан түлшийг халаалт, хоол хийх, тээвэрт их хэмжээгээр шатааж хэрэглэж байгаа нь маш ноцтой хэмжээний агаарын бохирдол үүсгэж байгаа. Энэ бол эрүүл мэндтэй холбогдох асуудал.
- Дөрөвдүгээрт, бидний эрчим хүч үйлдвэрлэх, гаднаас худалдаж авч нийлүүлэх, нийлүүлсэн эрчим хүчээ ашиглах явцад маш их хэмжээний хүлэмжийн хий, тэр дундаа нүүрсхүчлийн хий байнга ялгарч байгаа. Чулуужсан түлш гэж бидний нэрлээд байгаа нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг нь олон сая жилийн өмнөх ойм, мод, ургамал, амьтдын үлдэгдэл зэрэг нүүрстөрөгч, устөрөгчийн агууламжтай биомасс газар дор он удаан жил дарагдаж, нягтаршихдаа нүүрстөрөгчийн өндөр агууламжаа хадгалсаар байгальд үлддэгтэй холбоотой. Бид эдгээр нөөцийг шатааж эрчим хүч болгохын тулд газар доороос, усан доороос малтаж гаргаж авч байгаа ба эднийг шатаах явцад дотор нь олон жил нягтаршиж түгжигдсэн нүүрстөрөгч суларч агаартай исэлдэж нүүрсхүчлийн хий болж агаар мандалд дэгддэг. Дээр дурдсанчлан бидний ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хий гэх мэт хүлэмжийн хий нь манай улсад гэлтгүй дэлхий дахинд маш их хор хохирол учруулж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан. Энэ нь байгаль орчин, нийгэм, эдийн засагтай бүгдтэй нь холбогдох, бүр цаашлаад манай гарагийн аюулгүй байдалтай холбогдох асуудал.
- Үүн дээр нэмээд эрчим хүчний салбарын бодлого тодорхойлох, тодорхойлсон бодлогыг хэрэгжүүлэх, ард иргэд болон иргэний нийгмийн талаас эдгээрт хяналт тавихад шаардлагатай мэдээлэл олдоц муутай, нийтэд нээлттэй биш, олдсон нь хоорондоо зөрүүтэй, хуучирсан байдаг зэрэг ил тод байдал, засаглалтай холбоотой асуудал мөн байдаг юм байна.
Асуудал
[Irene] Ингээд бид нар манай улсын эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ малтмал чулуужсан түлшнээс маш өндөр, бараг бүрэн хамааралтай байгаа гэдгийг ойлголоо. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулахад эрчим хүч үйлдвэрлэл, хэрэглээний хувьд ямар асуудал тулгараад байгаа вэ?
[Гэрэлтуяа] Энэ асуултад хариулахаас өмнө бид нар яагаад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах гэж ярьж байгааг товчхон тайлбарлая.
- Олон улсын уур амьсгалын судлаачид, удирдагчид, шийдвэр гаргагчид олуулаа энэ том асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Тэгж ажиллахдаа үндсэн хоёр үйл ажиллагааны чиглэлийг баримталдгийн нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, харин нөгөөх нь уур амьсгал нь нэгэнт өөрчлөгдсөн дэлхийд аль болох бага гарз хохиролтойгоор амьдарч сурах буюу уг өөрчлөлтөд дасан зохицох юм. Хэчнээн сүүлийн 30, 40 жил уур амьсгалын өөрчлөлтийн байж болох сөрөг нөлөөний талаар, хамарч болох цар хүрээний талаар судлаач, шинжээчид сануулсаар; дэлхийн олон ч улс орон чадах чинээгээрээ хамтын ажиллагаа өрнүүлж, амлалт өгсөөр байсан ч гэсэн уур амьсгалын өөрчлөлт улам хурдтайгаар өрнөж, сөрөг үр дагавар нь цасан бөмбөг шиг л томорсоор байна. Дэлхий гэдэг гараг дээр хүн төрөлхтөн бид үргэлжлүүлэн амьдрахын тулд жилээс жилд хэдэн арван тэрбум тонноор нь агаарт дэгдээгээд байгаа өнөөх л хүлэмжийн хийнүүдээ огцом бууруулах шаардлагатай байгаа. Үүнийг хэн хэлж байна вэ гэхээр уг асуудлыг хамгийн сайнаар мэдэх IPCC буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний зөвлөл сүүлийн 37 жил сануулж байгаа.
- Тэгэхээр уг асуудлын шийдлийн дараалал нь энэ болж таарч байна: нэгэнт бид нар уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлж чадаагүй учраас; одоо ядаж боломжит эцсийн мөч хүртлээ ирээдүйд гарч ирэх сөрөг нөлөөг нь аль чадахаараа багасгах, сааруулах дээр илүү анхаарах; үүнийхээ хажуугаар аль хэдийнээ мэдэгдэж эхэлсэн болон угаасаа ирэх нь тодорхой болчихсон өөрчлөлтүүд, бүр цаашлаад бид нарын одоо төсөөлж ч чадахгүй байгаа бусад байгаль, нийгмийн өөрчлөлтүүдэд дасан зохицох хэрэгтэй гэсэн үг. Уг дарааллаар ажиллана гээд бид олон улсын өмнө амлалтаа өгөөд, үүргээ ч авчихсан байгаа. Эндээс хамгийн чухлыг нь дурдвал манай улсын 1993 онд соёрхон баталсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (архив), 1999 онд нэгдэн орсон уг конвенцын Киотогийн протокол (архив), 2016 онд соёрхон баталсан уг конвенцын Парисын хэлэлцээр (архив) зэрэг байна. Тийм учраас бид нар эхлээд хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах талаар ярьж байна, үүний талаар ярихад эрчим хүч үйлдвэрлэл, хэрэглээ нь дэлхийн хувьд нэгдүгээрх, манай улсын хувьд хоёрдугаарх хамгийн их хүлэмжийн хийн ялгаруулалттай салбар учраас бид нар эрчим хүчний салбарыг онцгойлон энд ярилцаад байгаа юм.
Харин эрчим хүч үйлдвэрлэл, хэрэглээний хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгахад тулгарч буй хамгийн том асуудал бол манай улсын малтмал чулуужсан түлшинд суурилсан, импортоос өндөр хамааралтай эрчим хүчний тогтолцооноосоо бодлого, хэрэгжилтийн хувьд холдож салахгүй байгаа байдал юм. Эрчим хүчтэй холбоотой ялгаруулалтаа багасгах тал дээр ахихгүй байгаагийн нэг сүүлийн үеийн жишээ нь өмнө дурдсан манай улсын 2024 оны Үндэсний 4-р тайлан илтгэлд дурдсан дараах хэсгээс харж болно. “Хүлэмжийн хий ялгаруулдаг гол хоёр салбар болох эрчим хүч, хөдөө аж ахуй нь одоогоор net zero буюу зөрүүг тэглэх жишиг үзүүлэлтэд хүрэхэд хувь нэмрээ оруулах боломж маш хязгаарлагдмал байгаа тул үүний оронд бид нүүрстөрөгчийн хийн шингээлт зэрэг өөр арга барилд анхаарлаа хандуулж байна.” гэжээ. Энэ амлалт, бодлогын зөрүүтэй эрчим хүчний оновчгүй засаглал нь бидний одоо бүтээж байгаа ирээдүй өнөөх л хязгаарлагдмал нөөцөд уяатай, цахилгааны эрчим хүчний нийлүүлэлт гэх мэт амин чухал салбарууд дээрээ бусад улсуудаас өндөр хамааралтай, малтмал чулуужсан түлшийг ихээр шатааснаас үүсэж байгаа агаарын бохирдолтойгоо байх хар бараан зураглал харагдаж байна.
Яагаад эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах боломж маш хязгаарлагдмал гэж? Уг салбарын ялгаруулалтыг багасгахын тулд одоогоор хүчин төгөлдөр байгаа буюу 2020 оны Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод (архив) ямар арга хэмжээнүүдийг хийхээр амласныг харцгаая. Үүнд эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний хангамжийн үр ашгийг сайжруулах,зам тээвэрт шатахууны стандартаа өөрчлөх, нүүрс экспортлох тээврийг авто тээврээс төмөр замын тээвэрт шилжүүлэх, зорчигчийн галт тэргийг цахилгаан халаалтад шилжүүлэх, барилгын салбарт нийслэлд ашиглагддаг түлшний стандартыг өөрчлөх, нийслэлийн угсармал орон сууцуудыг дулаалах гэсэн арга хэмжээнүүд дурджээ. Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт буюу NDC гэдэг нь Парисын хэлэлцээрт нэгдэн орсон буюу дэлхийн бараг бүх улсууд 2100 он гэхэд дэлхийн дундаж дулаарлыг 1.5 Цельсийн градуст барих зорилгыг хэрэгжүүлэхээр гаргадаг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээний төлөвлөгөө юм. Манай улс хамгийн сүүлд энэ жил NDC 3.0 (архив) буюу уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны 2035 он хүртэлх төлөвлөгөөгөө ахиулан боловсруулсан. Шинэ зорилтын хувьд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хуучин арга хэмжээнүүдийг шинэчлэн тодорхойлж, нэмэлтээр эрчим хүчний үйлдвэрлэлд түлш солих зэрэг арга хэмжээнүүд шинээр тодорхойлогджээ. Хамгийн гол нь ямар ч зорилт, амлалтыг биелүүлэх нь чухал гэдгийг санацгаая.
Өмнө дурдсан 2024 онд Хүний хөгжлийн үндэсний баримт бичигт тэмдэглэснээр Монголын өнөөгийн эрчим хүчний систем дэд бүтцийн хувьд хуучирсан, үр ашиггүй, төрөөс татаас ихтэй байгаа нь үнэн. Ийм учраас эрчим хүчтэй холбоотой хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний тогтвортой засаглал, эрх зүйн таатай орчин, оновчтой санхүүжилт, төсвийн болон хөрөнгө оруулалтын зөв хуваарилалт, дэд бүтцийн бүрэн шинэчлэл, эрчим хүчний хэрэглээний үнийн ухаалаг бодлого зохицуулалт зэрэг бүгд нэгэн зэрэг хангагдах ёстой. Энэ зэргийн том, тогтолцооны шинж чанартай, богино хугацаанд хэцүү юм шиг хэр нь удаан хугацаандаа бид бүгдэд ашигтай өөрчлөлтийг тэгш хүртээмжтэйгээр хийхэд нийгмийн бүх бүлэг хичээнгүйлэн оролцож, удаан хугацаанд хүссэн ирээдүйгээ бүтээхийн тулд тэвчээртэйгээр хамтран ажиллах хэрэгтэй болох нь мэдээж. Ийм ч учраас эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах боломж хязгаарлагдмал байж магадгүй юм. Гэхдээ боломжгүй гэсэн үг бас биш, ялангуяа одоогийнх шиг үнэхээр шаардлагатай, өөр сонголтгүй үед.
Дэд бүтцийн хуучирсан байдлын хувьд манайд одоо ажиллаж байгаа нүүрсний цахилгаан станцуудын нас 64 жилд хүрсэн ба нүүрсний цахилгаан станцын дундаж нас 40-45 гэвэл манай ихэнх эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа станцуудыг шинэчлэх шаардлага үүсжээ. Энд станцуудын нэгж эд анги хуучирснаас илүү бүтнээрээ хуучирч, ерөнхий үйл ажиллагаанд доголдол үүсэх өндөр эрсдэлтэй болсныг хэлж байна. Уг эрсдэлийн хамгийн тод жишээ нь энэ оны 6-р сард гарсан осол бөгөөд үүний талаар Онцгой байдлын ерөнхий газар (архив) “Дулааны гуравдугаар цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид гал гарч байна гэсэн дуудлагыг хүлээн авсан. Алба хаагчид ажиллаж өндөр даралтын цехийн 9 дүгээр турбины генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан” гэж мэдээлжээ. Энэ осолтой холбогдуулан 6-р сарын 20-нд Засгийн газрын тогтоол (архив) гарч Дулааны гуравдугаар цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанид 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон нь энэ осол хэр ноцтой байсныг илтгэж байна. Энэ ослын дараа 8-р сард бас мөн станц дээр саатал гарсан ба энэ талаар Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч (архив) дараах мэдээллийг өгсөн. Тэрээр “Дулааны гуравдугаар цахилгаан станц нь ашиглалтад ороод 60 жил болж буй эх үүсвэр. Тиймээс технологийн саатал гардаг. Иймэрхүү технологийн саатал 8-р сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч буй зүйл биш. Өмнө нь гарч байсан. Гэмтсэн зуух маань ашиглалтад ороод 50 жил болсон. Өнгөрсөн жилийн өвлийн их ачааллын үед ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан.” гэжээ. Үүнээс харахад энэ саатал нь хуучирсан дэд бүтэцтэй холбоотой, нэг удаагийн биш, олон давтамжтай гардаг асуудал болох нь харагдаж эрсдэлийг улам тодотгож байна.
[Сайнсанаа] Мөн 2024 оны Статистикийн эмхэтгэл дэх тоог үндэслэвэл бид нүүрснээс гаргах эрчим хүчний 40 хүртэлх хувийг цахилгаан болон дулааны бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх чадалтай гэдэг нь үлдсэн хувь нь бүгд алдагдал болж байгаа гэсэн үг. Үүнтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний ашигт үйлийн коэффициент бага ч гэсэн бохирдол их үүсгэдэггүй нь маш том давуу тал болж байна.
Түүнчлэн Эрчим хүчний 2024 оны статистик үзүүлэлтүүдээс харахад цахилгаан эрчим хүчний нэгжийн буюу 1 кВт.ц дахь өртөг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хувьд 250 төгрөг боловч хэрэглэгчид очих дундаж үнэ нь 223.1 төгрөг, импортоор эрчим хүч оруулж ирдэг баруун бүсийн хувьд нэгжийн өртөг 351.4 төгрөг боловч хэрэглэгчийн дундаж үнэ нь 190.4 төгрөг байгаа нь алдагдалтай байгааг харуулж байна.
- Эрчим хүч үйлдвэрлэлийн зардлаа хэрэглээний төлбөрөөрөө нөхөж чаддаггүйгээс үүссэн энэ алдагдлыг бид нүүрсний уурхайд өр тавих, төсвөөс татаас өгөх байдлаар тэгшитгэж ирсэн. Харин Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар тогтоосон тарифыг (архив) харвал 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх үнэ 8.5 ам.цент хүртэл буюу 305 төгрөг орчим, 5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станц бол 4.5-6 цент буюу 161-215 төгрөг, нарны эрчим хүчний үүсгүүр бол 12 цент хүртэл буюу 431 төгрөг хүртэл байна.
- 2024 оны сүүлээр ашиглалтад орсон Бөөрөлжүүтийн нүүрсний цахилгаан станц (архив) төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлж эхэлсэн боловч яг ямар тарифаар эрчим хүчээ нийлүүлж байгааг яг баттай мэдэх боломжгүй байна.
- [Гэрэлтуяа] Бид нар энэ үнийн талаар албан эх сурвалжийн мэдээ хайгаад олоогүй боловч зарим албан бус сурвалжид (архив) дурдсанаар 1 кВт.ц цахилгааныг 8.9 ам.цент буюу 320 орчим төгрөгийн үнэтэйгээр нийлүүлж байгаа гэжээ. Гэхдээ энэ мэдээлэл албан эх сурвалжтай байсан бол бид илүү шударга харьцуулалт хийх байлаа.
- [Сайнсанаа] Мөн дэлхий дахинд станцын амьдралын хугацаанд үйлдвэрлэх цахилгааныг өртөгт нь хуваасан үзүүлэлтийг буюу LCOE-ийг харвал 2023 оны байдлаар (архив) дэлхийд газар дээрх салхин цахилгаан станц, нарны станцууд нүүрсний эрчим хүч үйлдвэрлэлийн зардлын заагт орсон буюу жилээс жилд хямдхан болсоор байгаа нь батлагдаж байна.
Нэмээд мөн подкастын энэ дугаарын төгсгөлд сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд яагаад одоо цаг хамгаас илүү тохиромжтой, эргэлтийн цэг гэдгийг ярилцана. Бид яг энэ технологийн дэвшлийг авчирч байгаа Хятад улстай хиллэж байгаа нь бас нэг том давуу тал. Энэ нүүрснээс гаргасан цахилгааны байгаль орчин, нийгэмд учруулж буй өмнө ярьсан зардлууд болоод хүний биед учруулж буй тооцогдоогүй байгаа хохирлыг нэмбэл бид ямар үнээр ямар эрчим хүч хэрэглэж байна гэдэг нь ч харагдаж болно.
Шийдэл
[Irene] Одоо ярьсан бүх зүйлээ дүгнэвэл эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулахын тулд юу хийгдэх боломжтой байна вэ? Итгэл найдвар юунд байна?
Арга зам
[Сайнсанаа] Бидний ярианы эхний хэсэгт уур амьсгалын өөрчлөлт гэж яг юу хэлээд байгаа буюу энэ нь Монгол Улсад ямархуу байдлаар нөлөөлж манай орны хувьд ямар хурдатгалтайгаар эрсдэлүүд тулгарч болох талаар дурдсан. Энэ өөрчлөлтийг хурдасгагч нэг том хүчин зүйлийн хувьд эрчим хүчний салбарт юуг хамааруулах, одоогийн нөхцөл байдал ямар байгааг бас тодорхойллоо. Үүнийхээ дараагаар бид энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж болох хамгийн нөлөөтэй, голлох шийдлүүдийг буюу сэргээгдэх эрчим хүчний давуу тал, боломжуудыг тайлбарласан.
Бидний одоогийн хэрэгжүүлж буй 2020 оны Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод эдгээр технологиудыг ашигласнаар бидний ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ одоогийн суурь сценариасаа 30% багасах боломжтой гэж тооцоолсон байгаа. Нэмээд сэргээгдэх эрчим хүчний давуу тал нь эрчим хүчний системийг хүчитгэх, улсын хувьд эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах учраас бид сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, хөрөнгө оруулалтыг ямар байдлаар татах нь хамгийн чухал байна. Монгол Улсын хувьд гаргаж байгаа ахиц дэвшил гэх юм бол сүүлийн 5 жилд Бөхөг, Говь, Гэгээн, Сүмбэр, Есөнбулаг, Алтай нэмэлтээр, Улиастайд нарны цахилгаан станц болон баттерей буюу хураагуур; Мөрөн, Мянгад, Эрдэнэ зэрэг гадаадын хөрөнгө оруулалт болон банкны санхүүжилтээр нарны станцууд баригдсан байгаа. Санхүүжилтийн хувьд зарим нь буцалтгүй тусламжаар, зарим нь зээлээр санхүүжсэн. Нэмэлтээр МАК ХХК, Алтай трест ХХК зэрэг компаниуд нарны станцууд барьж байна. Энэ бүтээн байгуулалтууд нь нийт 145 МВт орчим чадалтай болж байна. Харьцуулахад ТЭЦ‑III-ын суурилуулагдсан хүчин чадал 198 МВт байгаа юм. Тэгэхээр нарны эрчим хүч ашиглах технологи нэвтрүүлэх тал дээр зээлээр ч болов ахиц гарч байна. Мөн давхар дулааны heat pump-уудыг бас суурилуулахаар тохиролцоо хийж байна.
Нөгөө талаас Азийн хөгжлийн банкны тусламжаар (архив) барьж байсан салхин станцуудын явц удаашралтай байна. Жишээ нь 5МВт-ын Тэлмэн станц (архив) салхины потенциал хангалтгүй гэх шалтгаанаар 2023 онд зогссон байна. 15 МВт-ын чадалтай Тайширын салхин станцыг эрдэмтдийн зөвлөл батлаагүйгээс газрынх нь зориулалтыг нарны цахилгаан станц болгож хувиргасан байна. Нарны станцыг бодвол илүү тогтвортойгоор буюу шөнөдөө бас нийлүүлэх чадалтай гэдэг утгаар салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг сайжруулах, нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Мөн 2400 МВт-ын салхин станц барихаар UPC Renewables компанитай Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо харилцан ойлголцлын санамж бичиг (архив) байгуулсан. Гэхдээ хамгийн гол ажил бол хөрөнгө оруулагчдыг энэ салбарт нээлттэй байдлаар оролцуулж цахилгаан болон дулаан үйлдвэрлэгчдийг олон талт, мөн тооны хувьд олон болгож байж л нүүрснээс хамаарсан эрчим хүчний хэрэглээг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах болон агаарын бохирдлыг бууруулах боломжтой байна. Жишээ нь Германы Wpd компани монголд 250 МВт-ын салхин станцыг 2023 онд ашиглалтад оруулахаар тооцоолж байсан ч одоо хүртэл шав нь ч тавигдаагүй байна.
Сэргээгдэх эрчим хүчний хамгийн тогтвортой эх үүсгүүр бол усан цахилгаан станц, эсхүл усан цахилгаан станц дээр суурилсан эрчим хүчний хадгалалт. Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Орхон голууд хамгийн боломжит усны урсгалтай ч Байгаль нуурт цутгадаг учраас нэмэлтээр геополитикийн асуудалтай тулж байна. Гэхдээ бидний улирлын чанартай хэрэглэдэг шигээр усан цахилгаан станцуудыг нэмэгдүүлэх нь эрчим хүчний системд дэм болох боломжтой байсаар байна.
Ингээд базаад харах юм бол эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд хийгдэх зайлшгүй шаардлагатай хэд хэдэн алхам гаргаж болно.
- Нэгт эрчим хүчний салбарын том зураг буюу эрчим хүчний мастер төлөвлөгөөг зөвхөн цахилгаан, дулааны үйлдвэрлэл биш бусад бүх анхдагч энергийн эх үүсвэр, түүний хэрэглээний задаргаа дээр суурилсан байдлаар гаргаж үүнээсээ цаашлаад бусад амлалтуудыг өгөх шаардлагатай байна. Ингэснээрээ эрчим хүчний нийт хэрэглээний хэр ихийг нь цахилгааны хэрэглээ рүү шилжүүлж болох зэрэг арга хэмжээг илүү оновчтойгоор тодорхойлж болно. Бидний Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтоос гадна Зүүн Ази, Номхон далайн бүсийн зөвлөмжөөр (архив) бас эрчим хүчний шилжилтийн хувилбарыг гаргаж тооцоолсон байдаг.
- Сэргээгдэх эрчим хүчийг нийт эрчим хүчний системийн тэлж буй хэрэглээг хангах, улмаар импортыг багасгах зорилгоор нэмэгдүүлэх шаардлагатай. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг үндсэн чиг баримжаа болгосон эрчим хүчний бодлоготой болох шаардлагатай байна. Өмнө дурдсан миний судалгааны модель дээр хийсэн судалгааг харах юм бол хэрэглээний талд, хэрэв бид гэр хорооллын нүүрсний хэрэглээг сэргээгдэх үүсгүүрээр хангаж чадвал хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1%-аар бууруулж болно. Экспорт импортын ачаа тээврийг цахилгаан галт тэрэг рүү шилжүүлж чадвал 4% бууруулна. Бүгд цахилгаан машинд шилжвэл 6.7%-аар ялгаруулалт буурна зэрэг олон хувилбаруудыг тооцоолж болж байна.
- Нөгөө талаас эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулж, энэ төлөвлөгөөнийхөө тооцооллын тусламжтайгаар үйлчилгээний салбарын, аж үйлдвэрийн салбарын болон хүнд машин механизмын эрчим хүчний хэрэглээг нарийвчлан тооцоолж, сэргээгдэх эрчим хүчтэй уях боломжтой байна. Үүний тулд зөвхөн эрчим хүчний зохицуулах хороотой гэрээтэй гэлтгүй, бусад эрчим хүчний хэрэглээний төрөл бүрийг бүртгэлжүүлэх тооцоолох механизм, дата төвлөрүүлэлт дутагдалтай байна. Цаашлаад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж карбон маркет буюу нүүрстөрөгчийн зах зээл зэрэгт оролцох боломжтой ба яг одоо энэ талаар хууль боловсруулагдах түвшиндээ явж байна.
Боломж
[Гэрэлтуяа] Тэгэхээр яагаад яг одоо бид нар эрчим хүчний системээ сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх нь цаг хугацааны хувьд оновчтой гэдгийг би гурван үндэслэлээр тайлбарлая.
Бид сүүлийн гучин жил сэргээгдэх эрчим хүч рүү шилжих талаар ярилцаж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж өөрчлөлтүүд хийх гэж оролдсон. Энэ төсөл хөтөлбөрүүдийн эрт жишээнүүдийн нэг нь 1999 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүч ашиглан хөдөөг цахилгаан эрчим хүчээр хангах “100 000 Нарны гэр” үндэсний хөтөлбөр (архив). Өнгөрсөн үеүдэд эрчим хүчний системээ тэр чигээр нь сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэхэд бидэнд тулгарч байсан хамгийн том асуудлууд бол сэргээгдэх эрчим хүч нүүрсэнд суурилсан эрчим хүчнээс маш үнэтэй байсан болон бид эрчим хүчний хэрэглээний үнийг үйлдвэрлэлийн өртгөөс хамаагүй бага байлгаж байсан нь нар юм.
- Тэгвэл нэгдүгээрт, бидний нэвтрүүлэх боломжтой сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн технологи цаг ирэх тусам улам хямдарсаар байгаа ба өмнө дурдсан Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн тооцоогоор бүр нүүрснээс хямдхан болсон байна. Мөн бидний өмнө танилцуулсан харьцуулалтаас сэргээгдэх эрчим хүчний өртөг, үнийн харьцаа Монгол Улсад хүртэл нэлээн ойртоод ирсэн, зарим тохиолдолд аль хэдийн суурилуулсан байгаа сэргээгдэх эрчим хүч үүсгүүрүүд нүүрснээс хямдаар эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой болсон байна.
- Хоёрдугаарт, олон жил эрчим хүчний үйлдвэрлэлийн зардлыг хэрэглээний төлбөрөөр нөхөж чадалгүй нүүрсний уурхайнуудад өр үүсгэх, төрөөс татаас өгөх байдлаар зохицуулж ирсэн цахилгаан, дулааны эрчим хүчний үнийн бодлого өөрчлөгдөх хандлагатай байна. Үүний хамгийн ойрын жишээ нь 2024 оны 11-р сард гарсан цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээний тарифын өөрчлөлт болон энэ онд хийгдэх тарифын өсөлт нар юм. Хэчнээн бид эрчим хүчний хэрэглээний үнийг чөлөөлж өртөгт ойртуулах, өртгийг нөхөх арга хэмжээ авч байгаа нь сайн хэрэг ч бидний нэмэлтээр төлж буй хэрэглээний төлбөр өнөөх л нүүрс, импортоос хамааралтай эрчим хүчний систем рүү орж байгааг бид анхаарах хэрэгтэй юм.
- Гуравдугаарт, өмнө бидний дурдсанчлан эрчим хүч үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн дэд бүтэц маань хуучирч насжилт хэтэрч, эрчим хүчний үйлдвэрүүдэд гэнэтийн саатал, гэмтэл, осол байн байн гарах болсон. Энэ нь бид нүүрсэнд суурилсан болон сэргээгдэх эх үүсгүүрийн алиныг нь ч илүү хэрэглэсэн гэсэн дэд бүтцийн хувьд маш их хэмжээний хөрөнгө зарцуулж дэд бүтцээ шинэчлэх цаг ирснийг илтгэж байна. Нэгэнт их хөрөнгө зарцуулж дэд бүтэц хөгжүүлэх шаардлага үүссэн учраас аль болох бохирдол багатай, эдийн засгийн хувьд ашигтай, хүний эрүүл мэндэд ээлтэй, ирээдүйд тохиромжтойг нь бодож сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг сонгосон нь ухаалаг хэрэг.
Энэ гурван үндэслэлээ дүгнээд хэлбэл сэргээгдэх эрчим хүчний үнэ жилээс жил ирэх тусам хямдарч, улам тогтвортой, улам аюулгүй болсоор байна, манайд олон жил асуудал болж байсан эрчим хүчний хэрэглээний үнэ, өртгийн зөрүүг хэрэглээний үнийг өртөгт ойртуулж нэмэх бодлогууд хэрэгжиж байна, хамгийн сүүлд нь бид хуучирч насажсан дэд бүтцээ зайлшгүй солих цаг ирсэн. Ийм учраас сэргээгдэх эрчим хүч рүү хийх шилжилтийн хамгийн оновчтой цаг бол яг одоо үе байгаа юм.
Сэдэл
[Irene] Одоо Хүлэмжийн дараа подкастыг маань сонсож байгаа иргэн бүр дор бүрнээ юу хийх боломжтойг, тэр нь манай улсын ирээдүйн хувьд ямар итгэл найдвар болох боломжтойг танилцуулъя.
Иргэний зүгээс эрчим хүчний салбарын өөрчлөлтөд оруулах хувь нэмэр яг үнэндээ маш их. Хамгийн эхлээд эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөгтэй дүйцэхүйц хэмжээний төлбөрөө бид төлж сурах хэрэгтэй. Гэхдээ таны төлж буй төлбөр таны хүссэн ирээдүйг бүтээхэд зарцуулагдаж байна уу гэдгийг маш сайн бодож, нягталж, хэрэв өнөөх л нүүрс, импорт руу яваад байвал өөрчлөлтийг шаардах эрх танд болон бид бүгдэд бий.
Өөрчлөлтийг шаардах гэдэг нь таныг шийдвэр гаргалт, бодлого тодорхойлолт, төсөв зарцуулалтын түвшинд төлөөлөхөөр сонгогддог хүнийг хариуцлагатайгаар сонгохоор эхэлж, тэдэнд өөрийн хэрэгцээ, шаардлагаа үндэслэлтэйгээр гаргаж ойлгуулахаар үргэлжилж, ажлын хэрэгжилтийг нь сайтар хянахаар дуусдаг.
Тэгвэл эрчим хүчний шилжилт хийхийн тулд бид бүгд дараах өөрчлөлтүүдийг сонгогдсон төлөөлөгчөөсөө шаардах нь.
- Эрчим хүчний бодлогын хувьд сэргээгдэх эрчим хүч бодлогын үндсэн чиг баримжаа байхыг;
- Цахилгаан, дулаанаас гаднах бусад төрлийн анхдагч эх үүсвэрүүдийг оруулсан, бүрэн дата цуглуулалттай эрчим хүчний мастер төлөвлөгөөтэй болох;
- Одоогоор малтмал, чулуужсан түлшнээс илүү хямд, аюулгүй гэдэг нь батлагдсан шийдлүүдийг өргөнөөр суурилуулах, сэргээгдэх эрчим хүчийг олон эх үүсвэрээс үйлдвэрлэж тэднийг ухаалгаар зохицуулдаг виртуал сүлжээ гэх мэт технологиудыг нэвтрүүлэх;
- Эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийхдээ зөвхөн ирээдүйтэй нийцэлтэйд нь хөрөнгө оруулах, төсөв зарцуулах, малтмал, чулуужсан түлшний төслүүдийг шинээр огт эхлүүлэхгүй байх.
За одоо бүгдээрээ энэ бүх өөрчлөлтийг хамтдаа шаардаад, хамтдаа хэрэгжүүлж чадсан гээд төсөөлье. Хамгийн эхлээд бид дэлхий нийтээрээ нүүрс гэх мэт байгальд хязгаартай нөөцөөс бага хамааралтай болж улсууд харьцангуй энх тайван болно. Манай улс ч өөрсдөө эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэж, геополитикийн хувьд илүү чадалтай улс болж, энэ нь өдөр тутмын амьдралд оройн хоолоо хийх үеэр тог тасарна гэсэн ойлголт байхгүй болох гэх мэтээр илэрнэ. Та гурван есийн жавартайд цэнгэг агаарт хүүхэдтэйгээ тоглож байна гээд төсөөлөөд үз дээ, агаарын бохирдол буурч, агаарын чанар илт сайжирвал энэ бидний ирээдүй шүү дээ. Хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлтийн хурд, сөрөг нөлөө нь саарч, ган, зудтай жилүүд багасна; тэгснээр манай нүүдэлчид, малчид, газар тариаланчид, бизнес эрхлэгчид, бусад иргэд гээд ер нь Монголчууд бид бүгдээрээ ажил сургуулиа тайван сайхан эрхэлж, өв соёлоо шинэ үедээ дамжуулан амьдрах боломжтой болох юм.
Үүгээр “Хүлэмжийн дараа” подкастын маань эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд төвлөрсөн анги дуусаж байна, дараа дараагийн ангиудаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бусад салбаруудын нөхцөл байдал, асуудал, шийдлийг үргэлжлүүлэн хэлэлцэх болно.