Энэхүү нийтлэлийг Ногоон цэг уур амьсгал НҮТББ болон активист А.Сайнсанаа нарын хамтран хэрэгжүүлж буй Хүлэмжийн дараа: уур амьсгалын өөрчлөлтийн подкастын 1-р улирал төслийн хүрээнд бэлтгэв.
Хөтлөгчид
- Б.Гэрэлтуяа, Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, математикч, хиймэл оюун, их өгөгдлийн инженер
- А.Сайнсанаа, Эрчим хүч ба хүрээлэн буй орчны менежмент (MEng), Хүрээлэн буй орчны инженер (BSc)
- Irene, Ногоон цэг уур амьсгал НҮТББ үүсгэн байгуулагч, график артист, уур амьсгалын активист
Нэр
Манай подкастын нэр болох Хүлэмжийн дараа нь дотроо хоёр утгатай. Нэгдүгээрт, дэлхийн уур амьсгал өөрчлөгдөөд дунджаараа дулаараад дэлхий өөрөө халуун хүлэмж шиг л болчихсон байгаа нь бидэнд их дараатай, дарамттай байгааг илэрхийлж байгаа. Хоёрдугаарт, бид энэ хүлэмж шиг болчихсон нөхцөлдөө амьдраад л байх биш үүний дараа, ирээдүйд юу хийж, яаж өөрчлөхөө бодолцох ёстой. Бид аль болох баримт, нотолгоонд суурилан энэ өөрчлөлтийн хувилбарыг санал болгох тул цаг хугацааны утгыг нь бас бодолцон подкастаа Хүлэмжийн дараа гэж нэрлэсэн.
Лого
Подкастын маань логоны суурь давхарга нь бүдгэрч, шарагдсан мэт дэлхий бөгөөд энэ нь манай гарагийн өнөөгийн, халуун хүлэмж шиг болсон байдлыг илэрхийлнэ. Дээрх хар дөрвөлжин пикселүүд нь зурагт, дэлгэцийн гажилтыг санагдуулж; дэлхий унтрахын ирмэгт ирснийг харуулж байна. Харин дээд баруун буланд тодорсон ганц ногоон пиксел нь бидний Хүлэмжийн дараа подкастаараа онцгойлон хүргэхийг хичээж буй итгэл найдвар, шийдлийн чиглэлийг илтгэх ба энэ ногоон цэг нь дэлхийн газрын зураг дээр Монгол орны байршлыг бас тэмдэглэж байгаа.
Зорилго
Хүлэмжийн дараа подкаст нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай судалгаан дээр суурилсан эх сурвалжтай мэдээллийг түгээж, нийтэд түгсэн ташаа ойлголт байвал бууруулах; бидний өнгөрсөнд хийсэн болон одоо хийх үйлдлүүдээс хамаарч гарах боломжит ирээдүйн төсөөлөл, хувилбаруудыг гаргаж ярилцах; уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголтоо нэгтгэж, илүү дээр ирээдүйг олуулаа авчрах мэдлэгийн суурийг тавих зорилготой.
Сонсогчид
Манай Хүлэмжийн дараа подкастыг уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар нэгэн байдлаар сонирхдог, гэхдээ заавал гүнзгий мэддэг байх огт албагүй хүмүүс; эсвэл ерөнхийдөө сониуч, танин мэдэхүйд дуртай хүмүүс; аливаа юмыг шүүмжит сэтгэлгээгээр хардаг, Монгол Улсынхаа талаар санаа зовдог, асуудлыг шийдлийн хамт бүтээлчээр ярьдаг хүмүүс гэх мэтчилэн бүх насны, бүх хүйсийн, бүх салбарын, улс төрийн бүх үзэл баримтлалтай, нийгмийн бүхий л бүлгийн хүмүүсийг үзэж сонсоосой гэж бид нар хүсэж байна.
Бүтэц
Подкастын анги бүр судалгаа, асуудал, шийдэл гэсэн үндсэн 3 хэсэгтэй ба шийдэл нь дотроо арга зам, боломж, сэдэл гэсэн 3 дэд хэсэгтэй. Судалгаа хэсгээр тухайн сэдэв/салбарын ерөнхий зураглалыг хураангуйлан дүрсэлнэ. Дараа нь энэ зураглалаас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг нь ялгаж тодруулна. Үүний дараа шийдэл хэсэгт дээрх асуудлуудад тохирч болох арга замуудыг танилцуулна, тэгээд энэ арга замуудын аль нь ямар боломжтой байгааг ярилцаж, сүүлд нь энэ боломжуудыг ашиглах нь бидэнд ямар ач холбогдолтойг сэдэл хэсэгт дүгнэнэ.
Санхүүжүүлэгч
Хүлэмжийн дараа подкастыг Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд бүтээв. Үүнд тусгагдсан агуулга нь зөвхөн Ногоон цэг уур амьсгал НҮТББ-ын хариуцлага бөгөөд Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон GIZ-ийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно.